Хөнгөлөлттэй эмийг Арвайхээрийн 8 эмийн сангаас авах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн хувьд сумын эргэлтийн эмийн сан, Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа Өвөрхангай эм хангамж, Эм гоо, Аура, Ганга, Мон-Ургамал, Агьт-Эм, Авзага, Виктори зэрэг сангууд эмийг хөнгөлттэй үнээр олгож байна.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан юм.
Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз зэрэг нэр бүхий 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой.
Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны турш мөрдөх юм.
Б.Батчимэг