20 орны төлөөлөгч Монголд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-19 13:06:13

CSCAP-ийн Монгол дахь Нарийн бичгийн дарга нарын газар болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Энэ сарын 21-23-нд  Улаанбаатар хотноо болох “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдэвт нэгдсэн хуралдаанд 20 орны 150 гаруй төлөөлөгч оролцох юм  байна. CSCAP-ийн Удирдах зөвлөл жилд 2 удаа, харин нэгдсэн хуралдаан хоёр жилд 1 удаа болдог аж.

CSCAP нь  бүс нутгийн аюулгүй байдлын орчин, учирч буй сорилтын талаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, санал, санаачилгыг төр, засгийн холбогдох байгууллагад зөвлөмж болгон хүргэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм. Монгол Улс тус байгууллагад 1996 онд элссэн ч өнгөрсөн хугацаанд зөвхөн судалгааны багт орж ажиллажээ. Харин энэ удаагийн хуралдааныг зохион байгуулах эрх авсан нь Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж хэрэг юм хэмээн зохион байгуулагчид нь ярилаа.  Нэгдсэн хуралдаанд бүс нутгийн төр засгийн удирдах албан тушаалтан, элчин сайд, нэр хүндтэй эрдэмтэд оролцдог байна. Хуралдаанаар Ази Номхон далайд тулгарч буй бэрхшээл, өнөөгийн байдал, тус бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцооны бүтэц, институцчилагдсан байдал; бүс нутгийн эрчим хүч, тээврийн хэлхээ холбооны хөгжлийн хандлага, боломж зэрэг сэдвийг хэлэлцэх аж. Түүнчлэн Солонгосын хойгийн байдал тогтворгүй хэвээр, Зүүн Азид газар нутгийн маргаанаас үүдсэн сөргөлдөөн гарч болзошгүй энэ үед  тус хуралдааныг хийж буй нь зөв гарц, боломж бий болгох, ойлголцлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж байна. 

 Б.Заяа

Связанные новости