Чөлөөт бүсийн талаарх тогтоолоо цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-19 14:44:11

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга, Х.Болорчулуун нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Халх голд очиж ажиллажээ. Бие даагч гишүүдийн мэдээллийн цагаар Халх голд ажилласан томилолтдоо тулгуурлан тус бус нутагт байдал ямар байгааг сэтгүүлчдэд мэдээллээ.

Мэдээллийн эхэнд Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ, “Халх голд Монголын төр байна уу гэмээр нөхцөл байдал үүссэн байна билээ. Өнөөдөр тэнд хэн дуртай нь орж ирж хадлан хаддаг, баялагийг нь аваад явдаг, хил гаалийнхныг нь янз бүрийн аргаар  аргалчихсан ийм л дүр зураг харагдаж байна” гээд тухайн бүсийг малын эрүүл бүс болгоод, түүнийгээ дэлхий нийтэд зарлаад, малаа экспортод гаргадаг чиглэл рүү анхаарч ажиллах хэрэгтэй байна гэлээ. Түүнчлэн тэрбээр цааш хэлэхдээ, “Халх гол гэдэг чинь Нидерландын газар нутгаас 2-3 дахин том. Нидерланд улс нь Европ тив битгий хэл дэлхийн ХАА-н бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч орон. Тийм том боломж бидний өмнө байхад харийн хүмүүсийн амьдрах нутаг болгож байгааг орон нутгийн иргэд эрс эсэргүүцэж байна. Энэ талаар биднийг ярихаар популист гэдэг. Тиймээс хэвлэлийнхэн Халх голд очиж газар дээрээс нь сурвалжлах хэрэгтэй” гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр цалин тэтгэвэр нэмэх тал дээр эх үүсвэр цөөнгүй бий гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Тухайлбал, Оюутолгойн төсөл дээр зөвлөгөө авах нэрээр төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг танах, Онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасах замаар цалин нэмэх бололцоотой. Архи тамхи, бензин шатахуунд оногдуулж буй онцгой албан татварын хэмжээг өнөөдрийн үйлчилж буй 1450 төгрөгөөс 2000 төгрөг болгож нэмэгдүүлвэл 80 тэрбум төгрөгийн эх үүсвэр олох бололцоотой. Энэ саналаа холбогдох ажлын хэсгүүдэд хүргэнэ" хэмээв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Салбарын яамныхан Халх голд хоёр ч удаа очиж ажиллана гэсэн ч хойшлуулсан. Үнэнтэй нүүр тулах болохоор тэнд очиж ажиллахгүй байгаа юм. Чөлөөт бүс гэдэг бол улс доторх улс. 500 мянган га-г хашаалсан чөлөөт бүс гэж дэлхийн хаана ч байхгүй. Чөлөөт бүсийн талаарх тогтоолоо цуцлахгүй бол нутгийн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ хэлж байсан" гэв.

УИХ-ын гишүүн Г.Уянгыг Халх голд ажиллах үеэр хятадууд малчдын өвөлжөөний өвсийг хадсан, зам зуур газрын тос ачсан машины тоос тасрахгүй, зогсоогоод зам асуух гэхээр хятад дугаартай хятад жолооч нар тааралдаж байсан аж. Тэнд монгол айл тааралдахгүй, тааралдсан иргэд нь “Бид зээл зээр хоёроор амьдарч байна. Гэтэл зээр ч үгүй боллоо” хэмээн халаглаж, Засгийн газрын гишүүдийг орон нутагт ирж ажиллаач ээ хэмээн хэл дуулгасан байна. УИХ-ын гишүүд байдлыг эерэгээр тайлбарлахыг оролдож байсан ч иргэд өмнө нь газрын тосноос ашиг хүртэж чадаагүй. Чөлөөт бүсээс ч ашиг хүртэх боломж харагдахгүй байна. Энэ асуудлыг хүчингүй болгож өгөөч гэж байсан гэж Г.Уянга гишүүн ярьлаа.

Б.Туул

Связанные новости