Тэргүүний байгууллага, аварга ажилтнуудад шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-19 20:16:42

Гал бичин жилийн Өвөрхангай  “Аймгийн тэргүүний байгууллага”, “Аймгийн аварга ажилтан”-уудад 2 сарын 17-ны өдөр шагналыг гардууллаа.

Аймгийн тэргүүний байгууллагаар Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 423 дугаар анги, Өлзийт сумын цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Систем сүлжээний техникч Д.Оюунчимэг, БОЭТ-ийн Хүүхдийн клиникийн ахлах сувилагч Ш.Мөнхцэцэг, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн Нарийнтээл сум хариуцсан байцаагч Т.Содном-Иш, Мэргэд лаборатори сургуулийн Япон хэлний багш Д.Дуламсүрэн, Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн багш Н.Нямсүрэн, “Онги ус суваг” ОНӨААТҮГ-ын операторчин Д.Ганболд, Баян-Өндөр сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Батмөнх, Арвайхээр сумын “Гантиг” шүдний эмнэлгийн их эмч П.Төрмандах нар “Аймгийн аварга ажилтан”-аар шалгарлаа.

“Аймгийн тэргүүний байгууллага”-ыг өргөмжлөл, тус бүр 300 мянган төгрөг, “Аймгийн аварга ажилтан”-ыг үнэмлэх, энгэрийн тэмдэг, тус бүр 200 мянган төгрөгөөр шагнасан юм.

Өлзийт сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон. Эрхлэгч Г.Хишгээ:

-Өмнө нь би аймгийн боловсролын салбарт тэргүүний эрхлэгч болж байсан. Манай цэцэрлэг сумын аварга байгууллагаар 12 удаа шалгарсан. “Аймгийн тэргүүний байгууллага” болж байгаад их баяртай байна. Зөвхөн салбартаа биш, бүр аймгийн хэмжээнд тэргүүлнэ гэдэг том амжилт учраас байгууллагынхаа хамт олонд баяр хүргэе. Мөн бидний ажлыг байнга дэмжиж байдаг сумынхаа Иргэдийн хурлын байгууллага, Засаг дарга, мэргэжилтнүүддээ болон биднийг ажил хөдөлмөрийг үнэлсэн аймгийн ЗДТГ, БСУГ, Хяналт шинжилгээ, үнэлгээний хамт олондоо баярласнаа илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Манай цэцэрлэгт төв суурин газрын хүүхэд цөөн, хөдөө малчдын хүүхэд олон байдаг. Сумын хэмжээний 2-5 насны хүүхдийн 88,2 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж,  сургуульд элсэн орох хүүхдүүдээ 100 хувь бэлтгэж өгдөг.
Багш, ажилчид нийлсэн 8 хүнтэй. Хоёр бүлэгтээ 50-60 хүүхэд хамруулдаг бол хөдөө багуудад нэг хэсгийн нэг бүлэгт 30-40 хүүхэдтэй ажилладаг.
Багш нар маань зун амралтын хугацаандаа ч амрахгүйгээр зуны сургалтыг зохион байгуулж, хүүхдүүдээ боловсрол олгодог. Бүтээлч багш нартаа их баярлаж явдаг юм. Манай цэцэрлэг зуны сургалтыг явуулж хэвшсэн учраас эцэг, эхчүүд маань бүрэн мэдээлэлтэй байдаг. Тийм болохоор цаг, хугацаагаа ч зарлалгүй шууд эхлүүлдэг. Эдгээр ололт амжилтуудаараа манай цэцэрлэг бусад байгууллагуудаас давуу талтай юм.

Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн бага ангийн багш Н.Нямсүрэн:

-Би боловсролын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд  Улсын ур чадварын уралдааны аварга, аймгийн олон удаагийн уралдаанд аварга болж байсан. Миний хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд баяртай байна.
Сургуулийнхаа үе үед хамтран ажиллаж ирсэн нийт багш нар, шавь нар, эцэг эхчүүддээ баярлаж явдгаа илэрхийлье. Өвөрхангай аймгийнхаа ард иргэд, мэргэжил нэгт багш нартаа, найз нөхөд, гэр бүлийнхэндээ ирж буй тахиа жилд  элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж ерөөе.

Б.Батчимэг

 

 

Связанные новости