П.Гэндэн, Л.Гомбосүрэн нарын нэрэмжит шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн уугуул, Хөдөлмөрийн баатар, тариаланч Л.Гомбосүрэнгийн нэрэмжит шагналын эзэн аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Энхцэцэг боллоо.
"Л.Гомбосүрэн" медаль, 500 мянган төгрөгийн шагналыг Л.Гомбосүрэн гуайн үр хүүхдүүдээс ивээн тэтгэж, нийгмийн бүхий л салбарт ажиллан өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, орон нутаг, ард иргэдийнхээ төлөө хичээн ажилласан нэг эрхэмийг жилд нэг удаа шагнадаг байна. Хархорин суманд 2000 оноос, Өвөрхангай аймагт 2014 оноос энэхүү шагналыг гардуулж иржээ.
Мөн Өвөрхангай аймгийн ИТХ-ын дээд шагнал болох БНМАУ-ын Бага хурлын анхны дарга, Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд П.Гэндэнгийн нэрэмжит шагналаар Спортын мастер Д.Буянтогтохыг шагнахаар шийдвэрлэлээ.
Улс төр, Соёл урлаг, Хэвлэл мэдээллийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг энэхүү шагналаар шагнадаг бөгөөд Д.Буянтогтох нь багийн Засаг даргаар таван удаа сонгогдон ажиллаж, улс төрийн анхан шатны байгууллагад өөрийн мэдлэг, зүтгэлээрээ өндөр хувь нэмэр оруулсан төдийгүй ард иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, чадамжтай хүргэж буй төрийн түшээ юм.
Б.Батчимэг