Монгол Улс 5.5 тэрбум долларын санхүүжилт авахаар боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙУЛААНБААТАР. /Reuters/. Монгол Улс эдийн засгаа тогтворжуулах хүчин чармайлтын хүрээнд Олон улсын валютын сан /ОУВС/, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас 5.5 тэрбум долларын санхүүжилт авахаар тохиролцсон тухай хоёрдугаар сарын 19-ний ням гарагт ОУВС мэдэгдлээ.
Ашигт малтмалын арвин их баялгаас нь ашиг хүртэхээр гадаадын хөрөнгө оруулагчид хошуурч байх үед буюу 2011-2013 онд далайд гарцгүй Монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор өсч байлаа. Харин засгийн газрын зардал хэтэрч, ашигт малтмалын экспортоос олох орлого буурсны улмаас тус улс 2016 оноос эдийн засгийн хүндрэлд орж эхэлсэн юм.
ОУВС-гийн мэдэгдсэнээр, ирэх сард 580 сая долларын бондын мөнгийг төлөхөөр тэмцэж буй тус улсад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон хоёр талын түншүүд, тэдгээрийн дотор Япон болон Өмнөд Солонгос 3 тэрбум хүртэлх долларын тусламж үзүүлнэ.
БНХАУ-ын Ардын банк валют солилцооны шугамаа өргөтгөн 15 тэрбум юань буюу 2.19 тэрбум доллар өгөх болон ОУВС гурван жилийн хугацаатайгаар 440 сая ам.долларын зээл олгох ажээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Монголд тусламж үзүүлэх хөтөлбөрийг ирэх сард болох ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар эцэслэн батална.
ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай хэлэхдээ “төсвийн сахилга батыг хангах нь эн тэргүүний асуудал. Өнгөрсөн хугацаанд төсвийн бодлого сул байсны улмаас Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хүндрэлд орж, их өртэй болоод байна” гэжээ.
Монгол Улс төсвийн сахилга батыг хангаж, сайжруулахаа мэдэгдсэн байна.
Монголын эдийн засаг өнгөрсөн онд 1 хувиар өссөн нь сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт бөгөөд хэрвээ эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн гүн хямралд орж болзошгүй.
http://www.reuters.com/article/us-mongolia-imf-idUSKBN15Y02S
Г.Доржханд