"Хөх сувд" мөсний баяр 18 дахь жилдээ болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуураа хамгаалах, гадаад дотоодын жуулчдыг татан оролцуулах зорилгоор анх 2000 онд “Мөсний баяр”-ыг зохион байгуулж байжээ.
Энэ жил Хатгал тосгоны Доод модот буланд “Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр ирэх 3-р сарын 3, 4-ий өдрүүдэд 18 дахь жилдээ зохион байгуулагдах юм. Мөсний баяр зохион байгуулж эхэлснээс хойш 2 жилийн дараа буюу 2002 оноос аймгийн чанартай болгон өргөжүүлсэн бол Хөвсгөл аялал жуулчлалын холбоо 2014 оноос олон улсын болгон зохион байгуулж байна.
Мөсний баяраар морин чаргатай, тэшүүрчдийн, нохой чарганы жагсаал, чаргатай морьдын уралдаан, бөөгийн зан үйлтэй танилцах галын наадам, жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн, мөсний сур харваа, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх сумо барилдаан зэрэг уралдаан явагддаг юм. Мөн ирсэн зочид мөсөн гэрт зочилж, Хөвсгөл далайн тунгалаг мөсөөр морин чаргаар аялах, тэшүүрээр гулгах, мөсөн урлан бүтээх уралдаанд оролцох боломжтой ажээ.
Мөсний баярыг зорин ирдэг гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн жилийн баярт 1200 орчим тээврийн хэрэгсэл, 70 гаруй гар урлалын худалдаа эрхлэгч, гадаадын 50 гаруй жуулчин, нийт 8000 гаруй иргэд оролцсон байна.
Энэ жилийн “Хөх сувд 2017” мөсний баяраар олон шинэ арга хэмжээг оруулах болсноороо онцлог юм. Тухайлбал мөсний баярын нээлтэнд морин чаргатай, тэшүүрчдийн жагсаалаас гадна цааны жагсаал оролцуулах болсны дээр Оросын уран гулгалтын үзүүлбэр, хоккейн тэмцээн нэмэгдэж буйгаараа онцлог аж. Үүний зэрэгцээ “Бид нэг гэр бүл”, “Хөх сувд” гэсэн хоёр мөсөн хотхоныг байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Мөн Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Тэнгэр язгуур” ариг уснаа мандалсан Алунгоо хатны тухай монголын уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгохоо гадна автомашины уран жолоодлого, олс таталт, тахтай морин чарганы уралдаан, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, галын наадам бөөгийн зан үйлын тухай сонирхох боломжтой ажээ.
Хөвсгөлд ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгджээ
Монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болсон Хөвсгөл аймагт өнгөрсөн жил 59466 жуулчин иржээ. Тухайлбал дотоодын 46090, гадаадын 13476 жуулчин ирсэн бөгөөд энэ нь 2015 онтой харьцуулахад гадаадын жуулчдын тоо 8000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин дотоодын жуулчдын тоо 10 гаруй мянгаар буурсан байна. Жуулчдын тоог Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нэвтрэх цэгээр ороход авдаг хураамжийн тасалбараар гаргасан байна. Жуулчдын ихэнх нь зуны улиралд ирсэн учраас цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг өвлийн улиралд хүлээн авах жуулчны баазын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа ажээ.
Хөвсгөл нуур цэнгэгээрээ дэлхийд 3 дугаарт ордог
Байгалийн унаган төрхөөрөө давалгайлах Хөвсгөл нуур бол Хөвсгөлчүүдийн бахархах хөх нүдэн сувд юм. Хөвсгөл нуур нь газар хөдлөл, хагарлын хүчийн зүйлийн нөлөөгөөр үүссэн, хойноосоо урагш сунаж тогтсон, өндөр уулын бүсэд багтах цэвэр тунгалаг уст нуур юм. Хөвсгөл нуурыг судалсан эрдэмтэд түүнийг 7-8 сая жилийн настай гэж үздэг. Нуурын мандал нь 2760 хавтгай дөрвөлжин км бөгөөд ус хураах 4940 км хавтгай дөрвөлжин талбайд 383,7 шоо км ус агуулж байдаг гэж үздэг. Өндөр сүрлэг уулсын дунд байдаг үзэсгэлэнт тансаг энэ нуурын эргийн урт нь 414 км, уртаашаа 136 км, өргөөшөө 37 км, хамгийн гүн нь 267,2 метр юм. Усны тунгалагшилт 20-24 метр бөгөөд нуурт 111 гол горхи цутгаж усаараа тэжээж байдаг. Хөвсгөл нуурын ус цэнгэг тунгалагаараа дэлхийд гуравдугаарт, нуурын мандалын талбайн хэмжээгээр Азид аравдугаарт, дэлхийд 14-т, Монголдоо Увс нуурын дараа, гүнээрээ Азид дөрөвдүгээрт, цэвэр усны нөөцөөрөө монголд нэгдүгээр ордог аж. Нуурын усны хэмжээ манай орны бүх гол горхины жилийн урсацаас 10 дахин их, цэвэр цэнгэг усны 65 хувийг агуулж байдаг гэнэ.
Эгийн гол Сэлэнгэ мөрнөөр дамжуулан Байгаль нуурын усны 60 орчим хувийг хангаж байдаг. Нуур 11-р сарын сүүлчээс хөлдөж эхлэн 12-р сарын дундуур бүрэн битүүрч хөлдөн 0,70-1,4 метр зузаантай мөсөн бүрхүүл тогтдог. Зургадугаар сарын дундуур мөс нь хайлж дуусдаг. Хөвсгөл нуур нь хуурай амьсгалтай бөгөөд Модон хүй, Хадан хүй, Модот толгой, Бага хүй гэдэг дөрвөн аралтай. Нуурын ёроолд хад асга ихтэй, ус нь гадагш ганц урсгалтай, усны солилцоо бага, хүйтэн устай, гүн тийш амьдралаар ядмаг, усны бичил биетэн ургамал амьтны өсөн үржих нь удаан зэрэгэс болж нуурын ус нь өөрийгөө цэвэршүүлэх нь удаан байдаг гэж судлаачид үздэг ажээ.
Б.Гантуяа