Хангайн бүсийн уралдаанд 10 нас хүрээгүй хүүхэд хурдан морь унахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-09 13:58:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ сарын 12-нд Хангайн бүсийн хурдан морины уралдаан болохтой холбогдуулан аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас уяачдад зориулан зөвлөмж гаргалаа.

Зөвлөмжинд уралдаанд даатгагдсан, стандартын хувцас хэрэглэлтэй 10-аас дээш насны хүүхэд хурдан морь унах шаардлагатай гэж онцолсон байна. Хэрвээ зөвлөмжид дурдсан энэ шаардлагыг биелүүлээгүй бол уралдаанд оролцуулахгүй гэнэ. Тус аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас уралдааны бүртгэл, морины гараан дээр хяналт тавьж  хүүхдийг эрсдлээс хамгаалахад анхааран ажиллах ажээ.  Газар хөлдүү үед хурдан морины уралдааныг зохион байгуулсны улмаас хүүхдүүд бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол өнгөрсөн жилүүдэд гарсан юм.

Тодруулбал 2013 онд Хөвсгөл аймгийн Цагаан Уул, Рашаант сумдад болсон уралдаанд 2 хүүхэд амь насаа алдаж, 2014 оны уралдаанд 15 хүүхэд унаж хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн  бол 2015 онд 8 хүүхэд мориноос унаж байсан аж.

 Б.Гантуяа

Связанные новости