Гэрийн үйлчлэгчээ тураалд ортол нь ажиллуулсан гэр бүлийг хорих ялаар шийтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-03-27 18:39:27

СИНГАПУР./BBC/. Филиппин улсаас ирсэн гэрийн үйлчлэгчээ тураалд ортол нь өлсгөсөн Сингапурын нэгэн гэр бүлийг шоронд хорьжээ.

49 кг жинтэй байсан филиппин эмэгтэй ажиллах хугацаандаа 20 кг-аар турж, биеийн жингийнхээ ойролцоогоор 40 хувийг алдсан байна.  Түүнд ердөө талх, бэлэн гоймон өгдөг байжээ.

Үйлчлэгч эмэгтэйг хөлслөн ажиллуулж байсан гэр бүлийн хоёрт 3 сар болон 3 долоо хоногийн хугацаагаар шоронд хорих ял ногдуулсан байна.

Олон сингапурчууд хөрш зэргэлдээ орноосоо гэрийн үйлчлэгч хөлслөн ажиллуулдаг ба тэдэнтэй зүй бус харьцсан тохиолдол олонтоо гардаг ажээ. 

Дээрх тохиолдлыг тодруулбал, Тельма Ояасан Гавидан гэдэг филиппин гэрийн үйлчлэгч 15 сарын хугацаанд 49 кг-аас 29 кг болтлоо турсан байна. Тэрбээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө "надад өдөрт ердөө л хоёр удаа маш бага хоол өгдөг байсан, нэмж өгөхийг хүсэхэд татгалздаг байсан. Мөн агуулахын өрөөнд унтуулж, долоо хоногт 1-2 удаа усанд орох боломж олгодог байсан" гэжээ.

Түүнээс гадна, үйлчлэгч бүсгүйн гар утас болон паспортыг гэр бүлийн хоёр хурааж авсан учраас бусдаас тусламж хүсэх боломжгүй байсан аж. 2014 оны 4 дүгээр сард тэрбээр оргон зугтаж, цагаач ажилчдын асуудал эрхэлсэн тусламжийн байгууллагад хандсан байна.

Түүнийг хөлслөн ажиллуулсан бизнес эрхлэгч Лим Чун Хонг болон түүний эхнэр Чонг Сүй Фүн нар гэм буруугаа хүлээжээ. 

Прокурорууд тэдэнд нэг жилийн хорих ял ногдуулахыг оролдсон боловч Лим 3 долоо хоног хоригдож 10 мянган доллараар торгуулах, Чонг 3 сарын хугацаагаар хоригдох ялаар шийтгүүлсэн байна.

Энэ хэрэг олон сингапурчуудыг хирдхийлгэж, олон хүн цахим ертөнцөд "хэтэрхий хөнгөн ял оноосон" гэж сэтгэгдлээ үлдээжээ.

Үйлчлэгч бүсгүй Гавидан 20 мянган долларын нөхөн төлбөр авчээ.

Х.Сарнай

 

 


 

Связанные новости