К.Илюмжинов ФИДЕ-гийн ерөнхийлөгчөөс огцорсон уу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-28 11:48:39

ЛОНДОН. /BBC/. Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгч Кирсан Илюмжинов албан тушаалаасаа огцорлоо гэж тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

К.Илюмжиновыг огцруулсан тухай 3 дугаар сарын 26-нд Афинд болсон тус холбооны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр зарласан ба үүнтэй холбоотойгоор ээлжит бус хурал 4 дүгээр сард болно гэж дээрх мэдээлэлд дурдсан байна.

ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн үүргийг Илюмжиновын орлогч Георгиус Макрополус түр гүйцэтгэх бөгөөд тус байгууллагын шинэ тэргүүний сонгууль 2018 онд явагдана хэмээн ФИДЕ-гийн нарийн бичгийн дарга газар мэдэгджээ.

Харин Илюмжинов өөрөө bbcrussian.com-д өгсөн ярилцлагадаа "огцрох өргөдлөө би өгөөгүй" гэж үгүйсгэсэн байна. “Би огцрох өргөдлөө бичээгүй ээ. Намайг огцруулахыг хүсдэг хүмүүс бий. 2015 оны 11 дүгээр сарын 25-нд АНУ намайг хоригийн жагсаалтанд оруулснаас хойш ФИДЕ-гийн зарим гишүүд намайг огцрохыг байнга шаардах болсон” гэж Илюмжинов ярьжээ.

“Өчигдөр хурал болсон, тэгээд хурал дууссаны дараа хэдэн хүн үлдээд хоорондоо ярилцсан. Тэд надад хандан “Та огцрох хэрэгтэй” гэхэд нь би зөвшөөрөөгүй” хэмээн тэрбээр нэмж хэллээ. Илюмжинов ФИДЕ-тэй холбоо барьж, дээрх мэдэгдлээ залруулахыг шаардсан байна.  

АНУ-ын Сангийн яам 2015 онд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмд дэмжлэг үзүүлсэн, Сирийн Засгийн газар, “Лалын улс” бүлэглэлийн хооронд газрын тосны хэлцэл хийхэд тусалсан гэж буруутган дөрвөн хүний эсрэг хориг арга хэмжээ авсны дотор Илюмжиновын нэр байжээ.

Учир нь, Илюмжинов хувьцааг нь эзэмшдэг “Оросын санхүүгийн альянс” банк Сирийн эрх баригчидтай санхүүгийн хэлцлүүд хийдэг байсан байна.

2016 оны 5 дугаар сард Илюмжинов АНУ-ын Сангийн яамыг шүүхэд өгчээ.

2016 оны 8 дугаар сард ФИДЕ-гийн тэргүүнийг Москвагаас Нью-Йорк руу ниссэн “Delta” агаарын тээврийн компанийн онгоцонд суулгаагүй байна. Үүнийг компанийн төлөөлөгч тайлбарлахдаа, Илюмжиновын виз нь хүчингүй болсон байсан гэжээ.

О.Барс

 

 

Связанные новости