ОУОХ Перуд 600 мянган доллар хандивлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-04-06 12:22:38

МОСКВА. /TASS/. Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ сүүлийн саруудад Перу улсад болсон үерийн гамшгаас учирсан хохирлыг арилгахад зориулан 600 мянган долларыг хандивлажээ. Энэ тухай ОУОХ-ны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

2016 оны 12 дугаар сараас хойш орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн үер, хөрсний нуралтанд өртөн 94 хүн амиа алдаж, 347 хүн гэмтэж бэртэн, 20 хүн сураггүй алга болжээ. Мөн 16 мянга гаруй орон сууцны барилга бүрэн эвдрэн нурж, 165 мянга гаруй байшин эвдэрсэн байна.

“Перу улс байгалийн гамшгийн дараа сэргэн босч буй энэ үед Олимпын хөдөлгөөн тус улсад туслахад бэлэн байна. Эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл болгон олимпын хөдөлгөөнөөс 600 мянган доллар хандивлахаар шийдвэрлэлээ” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бахаас Перу улсын Ерөнхийлөгч Педро Пабло Кучинскид илгээсэн албан захидалд өгүүлжээ.

О.Барс


 

 

Связанные новости