Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо төрийн түшээдэд санал хүргүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ц.Ганболд орон нутгийн хэвлэлийхэнд мэдээлэл өглөө.
Тэрээр иргэдийнхээ эрх ашигийг хамгаалж төрд хэлэлцэж байгаа хэд хэдэн асуудалд эсрэг байр суурьтай байгаа гэдгээ илэрхийллээ. Мөн "УИХ-ын тодотголоор хэлэлцэж буй хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэвэрийн насыг эрэгтэйг 65, эмэгтэйг 60 болгож нэмэх, бензин шатахууны онцгой албан татварыг нэмэх, зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэх зэрэг тодотголуудыг Хөвсгөлчүүд дэмжихгүй байгаа гэдгийг хэлж байв. Энэ тухай өнгрөсөн 3-р сарын 6-ны өдөр УИХ-д мэдэгдэл хүргүүлж Засгийн газарт шаардлага тавьсан ч хариу ирүүлээгүй байна. Тиймээс Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын 3 гишүүнд санал, шаардлага хүргүүлж тэмцлээ үргэлжлүүлэх гэнэ. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө ховордсон энэ цагт олон төрлийн татварыг нэмэгдүүлж, тэтгэвэр бараг авахгүй болох хүртэл насыг нь хойшлуулж байгаа энэ үйлдэлд Хөвсгөлчүүд дуугүй сууж болохгүй. Хэрвээ хамгийн олон хүн амтай Хөвсгөлчүүдийн саналыг хүлээж авахгүй бол маргаан үүсгэж, тэмцлийн дараагийн арга хэмжээ авна" гэдгийг хэлж байлаа.
Б.Гантуяа