ХӨВСГӨЛ: Жилд 2 сая гаруй мод тарьж ургуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт мод тарьж ургуулах чадавхыг бэхжүүлэх, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, олон нийтэд экологийн боловсрол олгох, үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэхээр 2021-2030 хүртэл хугацаанд 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тодруулбал жил бүр 2,2 сая мод тарьж ургуулах юм.
Тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн
үйл ажиллагаа эрхлэгчдийг нэмэгдүүлэх
чиглэлээр сүүлийн 4 жилийн хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн
тоо 20 хувиар нэмэгдэж 1.297.677 ширхэг 15
зүйлийн тарьц суулгацыг ургуулж байна.
Доройтсон ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлд сумдад тарьж ургуулах модыг 9 жилээр төлөвлөн батлуулан хэрэгжүүлж байна.
2022-2025 онд 5.406.735 мод бутыг тарьж ургуулахаар төлөвлөж 1029.4 га талбайд 1.697.380 ширхэг тарьцыг байгалийн сэргэн ургалтад туслах ажил, ойг нөхөн сэргээхэд 2.069.962 мод тарьж ургуулсан тоон үзүүлэлттэй байна.
2025 онд улсын төсвийн 547.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын 50 га агро ойн аж ахуй байгуулах ажлыг гүйцэтгэж 40.000 мод бут тарьсан байна.
Мөрөн хотоос Улаанбаатар чиглэлийн авто зам дагуу 5 км үргэлжлэх Хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мод тарих, хамгаалалтын хашаа барих ажлыг гүйцэтгэж 4745 мод тарьсан байна.