Маргааш цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа 8 цагт эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл\МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт Гамшгийн иж бүрэн сургууль явагдаж байгаатай холбогдуулан Мөрөн сумын Засаг даргын захирамжаар маргааш сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажил өглөөний 8 цагт эхлэх ба иж бүрэн сургуулилтын үеэр өглөөний 9-11 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Хөвсгөл аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд хоёр дахь өдрөө ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ОБЕГ-ын ажлын хэсгийнхнээс өгөгдсөн цагийн байдлын дагуу танхимын сургалтыг зохион байгуулж энэ үеэр аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”- ийг хийв.
Маргааш өглөөний 8 цагт Мөрөн сумын иргэдийг Мөрөн сумын хойд тал 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн гамшгийн аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх ажээ.
Монгол улс тэр дундаа Хөвсгөл аймгийг газар хөдлөлтийн бүс нутгаас хол бүс гэж иргэд андуурдаг гэнэ. 1905 онд Булнайн нуруунд 350 км газар том хагарал үүссэн газар хөдлөлт болж байсан бол 1957 онд 12 баллын газар хөдлөлт болж 800 км урт 40-60 метр өргөн ангал үүсч байжээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд одооч энэхүү газар хөдлөлтийн ул мөр байдаг аж. 2016 оноос хойш манай улсад 3,5 магнитудаас дээш хүчтэй 47 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Хөвсгөлд 2017 он гарсаар 2 удаа газар хөдөлсөн ажээ.
Б.Гантуяа