“Боруссия Дортмунд” багийнхны сууж явсан автобус дэлбэрэлтэд өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-04-12 08:06:33

БЕРЛИН. /ВВС/. Германы хөлбөмбөгийн “Боруссия Дортмунд” багийн тоглогчдын сууж явсан автобусны хажууханд орон нутгийн цагаар мягмар гарагийн 19:00  цагийн үед дэлбэрэлт болсон тухай тус улсын цагдаа нар мэдэгдлээ.

Тус багийнхан Аваргуудын лигийн шөвгийн наймд Францын "Монако" багтай тоглохоор Дортмунд хотын цэнгэлдэх хүрээлэн рүү явж байжээ.

Дэлбэрэлтийн улмаас автобусны цонхнууд хагарсан байна.

“Боруссия Дортмунд” багийн албан ёсны твиттер хаягт бичсэнээр, 26 настай испани тоглогч Марк Бартрагийн бугуйн яс нь хугарсны улмаас хагалгаанд оржээ.

Багийн гишүүд зочид буудлаас автобусаар хөдөлсний дараахан дэлбэрэлтүүд болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Тоглолтыг орон нутгийн цагаар лхагва гарагийн 18:45 цаг хүртэл хойшлуулжээ.

Дэлбэрэлтүүдийг “Боруссия Дортмунд” багийнхныг онилон үйлдсэн гэж үзэж байгаагаа Дортмунд хотын Цагдаагийн газрын дарга хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Ийм халдлага үйлдсэнийг ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино зэмлэн буруушаагаад, хурдан эдгэрч тэнхрэхийг Бартрад хүссэн байна.

Мөн УЕФА-гийн ерөнхийлөгч Александр Сеферин “дэлбэрэлт болсныг сонсоод би маш их цочирдлоо” гэжээ.

“Боруссия Дортмунд” баг одоогоор Бундеслигийн  тэмцээний хүснэгтийн дөрөвдүгээрт бичигдэж байна.

Г.Доржханд

 

Связанные новости