Багийн засаг дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ сургалтанд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-20 22:56:45
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг засаг захиргааны анхан шатны нэгж бол баг. Тиймээс багийн Засаг дарга нар төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх мэдлэгтэй, сэтгэлтэй байх зайлшгүй шаардлагатай юм. Энэ зорилгын хүрээнд аймгийн 109 багийн дарга нарыг хамруулсан 3 өдрийн сургалтыг энэ сарын 17-19 өдрүүдэд зохион байгууллаа.
Тэд эхний хоёр өдөр Үндэсний Статистикийн Хорооны сургалтанд сууж, “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл авч, статистикийн мэдээллийн сангуудын программ дээр ажиллах чадвараас суралцлаа. 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Статистикийн тухай хуулийн дагуу улсын хэмжээнд статистик тоо баримтыг орон нутгийн түвшинд багийн Засаг дарга, сумдын статистик хариуцсан ажилтнууд хариуцан ажилладаг. Тиймээс Үндэсний Статистикийн Хороо нь 2017 статистикийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадвар олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Багийн дарга нарт 17-ны өдөр аймгийн ЗДТГ-аас сургалт явууллаа. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд хэлэхдээ “2016 онд Орон нутгийн сонгууль болж, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарын тодорхой хувь нь шинээр томилогдсон. Түүнээс хойш аймагт анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад байна. Сургалтаар ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, чиглэлийг танилцуулж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багийн Засаг дарга нар юунд анхаарч ажиллах вэ гэдгийг ярьлаа. Мөн аймгийн ИТХ, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудаас Засгийн газрын хөтөлбөр, салбарынхаа бодлого, чиглэлийн талаар танилцуулж, багийн Засаг дарга нарын үүрэг оролцоо, хамтарч ажиллах талаар, мөн  хууль тогтоомжийн хүрээнд багийн Засаг дарга нар иргэдийн өмнө ямар үүрэг хүлээсэн байдаг тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө” хэмээв. Сургалтын дараа “Ноос ирээдүй” зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Өвөрхангай аймаг 109 багтай ба 11 нь аймгийн төвд, 26 нь сумын төвд, 72 нь хөдөөгийн баг юм. Багийн Засаг дарга нарын 6 дахь удаагийн сонгуулиар 45 нь анх удаа, 32 нь хоёр дахь удаагаа, 14 нь гурав дахь удаагаа, 18 нь дөрөв ба түүнээс дээш удаагаа тус тус сонгогдсон байна. Тэдгээрийн 96 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй бөгөөд боловсролоор нь авч үзвэл дээд боловсролтой 61, тусгай дунд боловсролтой 13, бүрэн дунд боловсролтой 35 багийн дарга нар ажиллаж байна.
Б.Батчимэг
Связанные новости