Улс төрийн харилцан итгэлцэл нь Хятад-Монголын харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-05-05 12:32:56
Саяхан  Эрээн хотод очсон Хятадын "Global Times" сонины тоймч, судлаач Чу Дае-ийн Хятад-Монголын харилцааны талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

БЭЭЖИН. /Global Times/. Бээжинд байхдаа та салхи салхилаасай гэж хүснэ. Харин Эрээнд байгаа бол салхилахаа болиосой гэж танд бодогдох болно.

Монгол Улстай хиллэдэг Хятадын хойд нутгийн Өвөр Монголын ӨЗО-ны Эрээн хот нь Бээжингээс хойд зүгт 700 км-ийн зайд оршдог. Саяхан би тус хотод очсон юм. Тэр үед хойд зүгээс надад ямар мессэж илгээснийг сийрүүлэн бичье.
  • "Монгол бол хатуу бөгөөд ногоон улс юм. Хэрвээ та генетикийн аргаар хувиргасан бүтээгдэхүүн гаргаж авбал шоронд орох болно
  • Монголд аж үйлдвэрлэл огт хөгжөөгүй. Экспортод гаргадаг хүнсний бүтээгдэхүүн гэх юм байхгүй гэж хэлэхэд болно. Байгаа юм нь мах.
  • Монголчууд ерөнхийдөө хятад хүмүүст ээлтэй ханддаг ч эсрэгээр хятадуудад дургүй хүмүүс ч бий”.
Эдгээр мэдээллийг монголчуудтай нийгэм-эдийн засгийн хувьд байнга харилцаатай байдаг хилийн хотын иргэд надад өглөө. Мөн БНХАУ-ын санаачилсан “Нэг Бүс ба Нэг Зам” санаачилгын чухал хэсэг болох Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвас бий болгох төлөвлөгөөний үйл явц болон энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгарах саад бэрхшээлүүдийг нарийвчлан авч үзэхэд хамгийн тохирох газруудын нэг нь Эрээн хот юм байна гэсэн бодол надад төрлөө.

“Бүс ба Зам” буюу албан ёсоор “Торгоны замын эдийн засгийн бүс ба XXI зууны тэнгисийн торгоны зам” гэдэг санаачилгыг  Хятадын улс 2013 онд гаргасан юм.

Энд логикийн хувьд зөрчилтэй хэд хэдэн зүйл байна. Жишээлбэл, тээврийн салбарыг авч үзье. Нэг талаас Хятад, Монгол болон Орос хамтран хуурай замаар чингэлэгт галт тэргээр хил дамнан ачаа тээвэрлэж, гурван улсын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн хүргэх туршилт хийж байна.

Нөгөө талаас Эрээн хот дахь туршлагатай тээврийн операторууд хил дээр дугаарлан хүлээж байгаа Монголын ачааны машинуудад бараа бүтээгдэхүүнээ ачиж, хэмнэлт гаргаж байна.

Төмөр зам бол хамгийн тохиромжтой жишээ. Нэг талаас, хөнгөлөлтттэй нэвтрүүлэх замаар Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Хятадын чингэлэгт галт тэрэгнүүдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлсэн.

Нөгөө талаас, Монголын төмөр замын системүүдийг ашигладаг байсан худалдаачид Монголын дэд бүтцийг “үеэ өнгөрөөсөн, үр ашиг багатай” гэж хурцаар шүүмжилж байсан билээ.

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хувьд Монголын тээврийн дэд бүтэц саад болж байна гэж нэгэн худалдаачин хэлэв.

Энд гайхашрал төрүүлсэн нэг асуудал бий. Тодруулбал, Хятад улсын санхүүжилтээр тавьсан төмөр зам Этиопийн өндөрлөг нутгаас Кенийн тал нутагт хөгжил цэцэглэлтийн үрийг тарьж болоод байхад Хятадтай холбоотой төмөр замын дэд бүтцийн төслийг монголчууд яагаад үл ойшоож байна вэ?

Асуудлын гол нь улс төрийн үл итгэлцэл. Монголчууд уламжлалт нүүдлийн амьдралын хэв маягаа даяаршил болон шинэчлэлтээс тууштай хамгаалсаар ирсэн бөгөөд тэдний зарим нь Хятадын нөлөө өсөн нэмэгдэж байгаагаас ихэд болгоомжилж байгаа юм.

Эрээн хотод очсон монголчууд ярихдаа “зүгээр л хамаатныхаа гэрт ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг” гэж байв. Энд хотод харилцан итгэлцэлд тулгуурласан хил дамнасан худалдаа хөгжин цэцэглэсээр байна.

Монголын эдийн засаг Хятад болон Оросын эдийн засагтай нягт холбоотой болохыг үгүйсгэх аргагүй юм. Гуравдагч орон, тухайлбал Японы нөлөө тун хязгаарлагдмал.

Монгол Улс тэсрэлтээс уналт руу орсон нь, саяхан өрийн дарамтаа хэрхэн шийдвэрлэсэн зэрэг нь Хятад улсад хандах хандлагатай ихээхэн холбоотой.
 
Төрийн түвшинд зарим нэг зүйлээс суралцаж, сургамж авах хэрэгтэй байж магадгүй. Харилцан итгэлцэл бий болсон цагт л “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга БНХАУ болон Монгол Улсын эдийн засгийг жинхэнэ утгаар нь холбож өгнө. 

//http://www.globaltimes.cn/content/1045431.shtml//
 
Г.Доржханд
Связанные новости