Pink Floyd-д зориулсан эргэн дурсах үзэсгэлэн нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-05-10 12:19:37
ЛОНДОН./TASS/. Британийн алдарт рок группын хагас зуун жилийн уран бүтээлийн талаар өгүүлэх The Pink Floyd Exhibition: Their Mortal Remains гэдэг нэртэй өндөр технологийн үзэсгэлэн Лондон хот дахь Виктория ба Альбертын музейд нээгдлээ. Мягмар гарагт уг үзэсгэлэнг хэвлэл мэдээллийнхэнд урьдчилан үзүүлжээ.
 
Уг үзэсгэлэнг Pink Floyd-ийн анхны “Arnold Layne” нэртэй сингл цомог болон "The Piper at the Gates of Down” цомог /1967/ хэвлэгдэн гарсны 50 жилийн ойд зориулан нээсэн байна. Аудиовизуаль үзэсгэлэнд тус хамтлагийн Сид Баррет, Рожер Уотерс, Ричард Райт, Ник Мэйсон, Дэвид Гилмор нарын таван хөгжимчний тоглосон бүтээлүүдийг толилуулж байгаа юм. Хамтлагийн таван гишүүнээс Баррет, Райт хоёр насан өөд болжээ. 
 
Студийн бичлэг, концертын үед хэрэглэж байсан олон тооны хөгжмийн зэмсгүүд, гараар бичсэн дууны үгтэй дэвтрүүд, тус хамтлагийн гаргасан цомгуудын уран сайхны чимэглэлийн загварууд, зар сурталчилгааны зурагт хуудсуудаас гадна Pink Floyd-ийн дуунаас сэдэвлэсэн хошин шүлгийн ном, хамтлагийн уран бүтээлийн талаарх сэтгэгдлүүд бүхий сонины нийтлэлүүд, хамтлагийн гишүүдийн гэрэл зургууд, хөгжимчдөөс авсан ярилцлага, концертын дүрс бичлэгүүд, концертын үеэр ашигласан янз бүрийн уран сайхны дүрүүд зэргийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан байна.

Сонирхуулахад, Pink Floyd-ийн цомог тус бүрд нь, тухайлбал, тахин шүтэгдсэн гэж хэлж болох “The Dark Side of the Moon”/1973/ цомогт тусад нь танхим гаргаж өгчээ.

Үзэсгэлэн 5 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
О.Барс 

 

 

 

Связанные новости