Иж бүрэн сургуулилт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 15:15:08

Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэлээ.

Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх тус сургуулилттай холбогдуулан Засаг даргын захирамжаар Баянхонгор аймгийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжээд байгаа юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгоход оршиж байгаа аж. Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоог хангах, түншлэл  хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.

Баянхонгор аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсд оршдог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолддог байна. Тодруулбал, 2015 оны  эхний 10 сарын байдлаар ой, хээрийн болон ахуйн гал түймрийн  тохиолдол 48 удаа, хүн, мал, амьтны халдварт өвчин, хүчтэй салхи шуурга нийт 12 удаа тохиолджээ.  Мөн газар хөдлөлтийн  4 удаагийн чичирхийлэлт бүртгэгдэж, гол, нуурын усанд  5  хүн,  уул уурхайн ослын  2 удаагийн тохиолдлоор 4 хүн нас баржээ.

Б.Мөнхзул

Связанные новости