Тэрэлжийн цогцолбор газарт ариун цэврийн зориулалттай цэвэрлэх байгууламж ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2017-07-21 14:01:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жуулчдад зориулж НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийн санхүүжилтээр БОАЖЯ хамтран ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа.

Усыг 98.6 цэвэршүүлдэг тус ариун цэврийн байгууламж нь өдөрт 3 тонн усыг цэвэршүүлэх хүчин чадалтай, цэвэршүүлсэн усны 40 хувийг саарал ус болгон дахин ашиглах бөгөөд -40 хэмд ажиллах чадвартай аж. НҮБ-ын дээрх байгууллагуудтай 2015 оноос хойш хэрэгжүүлж буй ажлын хүрээнд уг ариун цэврийн байгууламжийг бий болгосон бөгөөд Sunny Service компани уг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус байгууламжийг ашиглалтад оруулснаар цаашид байгалийн цогцолбор газарт стандартад бүрэн нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах ажлын эхлэл болж буйг албаныхан хэлж байна.

Дашрамд дурдахад, тус байгалийн цогцолбор газарт жилдээ гадаадын 20 мянга, дотоодын 200 мянга орчим аялагч, жуулчид аялдаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. 

Ж.Болор
Связанные новости