Ж.Гантулга: Цахимаар бүртгүүлсний дараа санамсаргүй түүврийн аргаар хүүхдийг тань сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2017-07-25 14:26:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд  Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсч буй хүүхдийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. 

Энэхүү цахим бүртгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа.
 
-Цэцэрлэгийн цахим бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж байна. Энэ хугацаанд хичнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?
 
-Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдөр өдрийн 11 цагийн байдлаар 5374 хүүхэд бүртгүүлээд байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилт болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлт”-ийг зохион байгуулж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Үүний үр дүнд 2017 оны долдугаар сарын 24-ний 00.00 цагаас эхлэн tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар цэцэрлэгийн хүүхдүүдийг цахим хэлбэрээр бүртгэж байна. Эцэг эхчүүд энэ сайтад нэвтрэн зааврын дагуу хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад хамран сургах тойргийн цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Ямар нэгэн хүндрэл учрахгүй. Бүртгэл сарын хугацаанд үргэлжилнэ. 
 
-Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд яах вэ?
 
-Ирэх сарын 10-наас бүх цэцэрлэгт цахим бүртгэлд туслах ажилтнууд томилогдон ажиллана.  Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд 8 дугаар сарын 10-наас хойш цэцэрлэгт биеэр очиж, цэцэрлэгийн туслах ажилтнуудад бүртгүүлнэ.
 
-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хичнээн хүүхэд байна вэ. Хамран сургах тойргийн хүрээг хэрхэн нэмэгдүүлэн ажиллах вэ?
 
-Энэ жил нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрах насны 34-35 мянган хүүхэд бий гэсэн статистик тооцоо бий. Нийслэлийн Боловсролын газраас цахим бүртгэл эхлэхээс өмнө бүх цэцэрлэгээс хяналтын тоо авсан. Энэ хяналтын тооноос харахад цэцэрлэгүүд 11-12 мянган хүүхэд бүртгэх боломжтой байгаа. 
 
-Нийт хичнээн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна вэ. Энэ жил шинээр хичнээн цэцэрлэг ашиглалтад орох вэ?
 
-Ирэх 9 дүгээр сарын 01-ний байдлаар долоон цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлнэ. Дараа нь 10-12 дугаар сард улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 6 цэцэрлэг ашиглалтад орно. Улсын төсвийн концессын гэрээгээр 15 бага сургууль ашиглалтад орно. 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 216, төрийн бус өмчийн 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан. Ирэх есдүгээр сарын 01-нд үйл ажиллагаагаа эхлэх  төрийн өмчийн 223 цэцэрлэг байна. Харин төрийн бус өмчийн 36 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл  өгсөн.
 
-Цэцэрлэгт хамарч чадахгүй үлдэж байгаа хүүхдүүдийг хэрхэн зохицуулах вэ?
 
-Өнгөрсөн жилийн хувьд сургуулийн өмнөх боловсролд хамрах насны 145 мянга 917  хүүхэд байна гэсэн статистик мэдээ гарч байсан. Үүнээс 105 мянга 85 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан нь 72 хувьтай байна. Цэцэрлэгийн хүртээмж, барилга байгууламж, боловсон хүчин дутагдалтайгаас 28 орчим хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамарч чадахгүй үлдсэн. Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсролд хамрах бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулж, анги дүүргэлтийг стандартын хэмжээнд барина гэвэл 240 хүүхдийн хүчин чадалтай 160 цэцэрлэг барих шаардлагатай. Эдгээр цэцэрлэгийг өнөө маргаашдаа барих боломжгүй шүү дээ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах  асуудлаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой заалт туссан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж ажиллана. Тухайлбал, улсын болон нийслэлийн төсөв, улсын төсвийн концесс, гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж зэрэг санхүүжилтийн  эх үүсвэрийг энэ чиглэл рүү  анхаарал хандуулан ажиллаж байна.
2016-2020 оныг хүртэл баталсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 50 сургууль, 60 цэцэрлэг барина гэсэн заалт бий. Энэ бол мөрөөдлийн тоо биш, харьцангуй хэрэгжих боломжтой.
 
-Цахимаар хүүхдээ бүртгүүлснээр,  цэцэрлэгт оруулчихлаа гэж ойлгож болох уу?
 
-Цахимаар бүртгүүлээд шууд цэцэрлэгт элсэнэ гэж ойлгож  болохгүй. 8 дугаар сарын 25-наас “Цэцэрлэгийн цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа эхэлнэ. Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулалт хийж элсэлтийг зохион байгуулна. Цахим элсэлт явагдсаны дараа эцэг эхчүүдийн гар утсанд хүүхдийн хувийн дугаар, мэдээлэл ирнэ. Үүний дараа эцэг эхчүүд манай хүүхэд цэцэрлэгт элслээ гэж ойлгож болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости