Түр зуурын хүчтэй аадар бороо орох тул үер уснаас сэрэмжлэхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын хүчтэй аадар бороо орно хэмээн мэдээлэв.
Иймд бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулан хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Түүнчлэн голын усанд золгүй байдлаар амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд ихэсч байгаа аж. Золгүй байдлаар амь насаа алдах тохиолдлын дийлэнх хувийг амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж осолдсон тохиолдол эзэлж байгаа аж. Иймд голын ай сав болон голын эрэг дагуу аялал зугаалгаар явахдаа усны аюулаас болгоомжлох, усны түвшин нэмэгдсэн үед гол нууранд сэлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.
Б.Туул