Антарктидын мөс хайлаагүй, зузаарсан
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /NHK/. Дэлхийн дулаарлаас болж Антарктидын мөс хайлаагүй харин ч зузаарч байна гэж АНУ-ын сансрын НАСА агентлаг мэдэгдэв.
Агаарын хэм нэмэгдэж байгаагийн улмаас Антарктидын мөс хайлж, далайн түвшин нэмэгдэж байна гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комисс 2013 онд мэдэгдэж байсан. Гэвч НАСА-гийн энэ ололт нь дээрх мэдэгдэлтэй зөрчилдөж байна.
Антарктид тивийн баруун хэсгийн мөсөн давхарга нимгэрч байгаа боловч бусад нутгаар нэмэгдэж байгаа нь нийт мөсний зузаанд нөлөөлж байгааг 1992 оноос хойш цуглуулсан хиймэл дагуулын мэдээллээс олж мэдлээ гэж эрдэмтэд мэдэгдэв.
Антарктидэд орох цасны хэмжээ 10 мянган жилийн турш нэмэгдсээр ирсэн бөгөөд энэ нь мөс болон хувирч байна гэж тэд мэдэгджээ.
Далайн түвшин нэмэгдэж байгаа нь Антарктидын мөс хайлсантай холбоогүй, харин өөр газруудын мөс хайлсантай холбоотой ажээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Антарктидын мөсөн давхарга зузаарах нь багассан гэж эрдэмтэд хэлэв. 1992-2001 оны хооронд мөсний зузаан 112 тэрбум тонноор нэмэгдэж байсан бол 2002-2008 онд 82 тэрбум тонноор нэмэгдэж, буурсан үзүүлэлт гарчээ.
Цаашид Антарктидын мөсөн давхарга зузаарах явц удааширч магадгүй гэж НАСА мэдэгдсэн байна.
Д.Нямтулга