П.Орхон "Токио-2020" олимпийн наадмын тэтгэлэг хүртэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Парис-2017" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, багш, дасгалжуулагч болон алтан медаль хүртсэн П.Орхоныг "Токио-2020" олимпийн наадмын тэтгэлэгт хамрууллаа.
Өнөөдөр П.Орхонг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үеэр шинэхэн дэлхийн аваргад энэхүү тэтгэлгийг гардуулсан байна. Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос тус тэтгэлэг хөтөлбөрийг зарласан билээ.
Харин уг тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, олимпод оролцох эрхээ авч чадахгүй бол хөтөлбөрөөс хасагдах журамтай байдаг.
Өнгөрсөн "Рио-2016" олимпийн наадмын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 17 тамирчин хамрагдаж байсан юм.
Д.Өлзий