Улаанбаатар луу нисэх шинэ чиглэлээ “Эйр Астана” танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
aminaa@montsame.mn
2015-11-09 15:25:14

ЛОНДОН. /incentivetravel/. Өнгөрсөн долоо хоногт Лондоны “ExCel” төвд болсон “Дэлхийн аялал жуулчлалын зах зээл” арга хэмжээнд “Skytrax” шагналт, Казакстаны иргэний агаарын тээврийн “Эйр Астана” компани улсынхаа Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам болон Аялал, жуулчлалын газрын төлөөлөгчдийн хамт оролцжээ.

Монголын нийслэл Улаанбаатараас Астана хот руу нисэх шинэ чиглэлээ уг компани танилцуулсан бөгөөд энэ чиглэл нь Лондоны Хитроу нисэх буудал болон Европын бусад сүлжээтэй холбох юм. 2016 оны 3 дугаар сарын сүүлээр уг чиглэл нээгдэх бөгөөд Лондоноос буцах үнэ 533 фунт стерлинг байх юм. “Эйр Астана” компанийн www.airastana.com цахим хуудаст тасалбарыг захиалах боломжтой. Үйлчлүүлэгчдээ санал болгох шинэ газрын эрэлд гарсан, Их Британийн аялал, жуулчлалын зарим компанийн сонирхлыг уг шинэ чиглэл аль хэдийн татсан байна.  
Улаанбаатар хот нь Монголын соёл, аж үйлдвэр, санхүүгийн төв бөгөөд Богд хааны өвлийн ордон, Гандан хийд зэрэг соёлын үнэт өв болсон газруудаар аялагчид зугаалах боломжтой. Улаанбаатар хотоос гараад, Монголын өргөн их говь, зураг шиг тал, хад чулуурхаг уулсын дунд адал явдалд дуртай жуулчдыг өвөрмөц аялал угтана. Монголын найрсаг нүүдэлчдийн зочломтгой зан төдийгүй отоглох, морин аялал, ууланд авирах зэрэг адал явдал хүлээж байна.

Х.Аминаа

 

    

Связанные новости