МОНЦАМЭ болон "Спутник" агентлагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
МОСКВА. /Спутник/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон Оросын мэдээллийн “Спутник” агентлаг хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд саяхан гарын үсэг зурлаа. Уг гэрээнд МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал Б.Ганчимэг, “Спутник” агентлагийн Ерөнхий редактор Сергей Кочетков нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны өмнөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ гэрээний дагуу хоёр агентлаг хамтын ажиллагаа болон солилцооны хөтөлбөрөө улам бүр өргөжүүлэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцох юм.
Хамтын ажиллагааны өмнөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ гэрээний дагуу хоёр агентлаг хамтын ажиллагаа болон солилцооны хөтөлбөрөө улам бүр өргөжүүлэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцох юм.
С.Кочетков хэлэхдээ “МОНЦАМЭ шиг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь манай агентлагийн хувьд маш чухал. Энэ гэрээнд гарын үсэг зурсан нь манай агентлагийн хувьд зөвхөн Монголын төдийгүй Азийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүдтэй хамтын ажиллагаа тогтоож байна гэсэн үг юм” гэв.
Харин МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал Б.Ганчимэг хэлэхдээ “МОНЦАМЭ агентлаг нь байгуулагдсанаасаа хойш ОХУ болон БНХАУ гэсэн хоёр том хөршийнхөө төрийн мэдээллийн агентлагуудтай хамтран ажилласаар ирсэн. Бид сая “Спутник” агентлагтай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгууллаа. Манай хоёр агентлаг хоорондын хамтын ажиллагаа нь Монгол-Оросын харилцаа ба хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.
МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд байгуулагдсан бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага юм. Өдгөө тус агентлаг нь монгол, англи, орос, хятад, япон хэлээр болон уйгаржин монгол бичгээр цахим хуудсандаа мэдээ бэлтгэн оруулж, сонин сэтгүүл гаргаж байна. (http://www.montsame.mn/)
“Спутник” бол олон арван улсад салбартай мэдээллийн агентлаг бөгөөд радио сүлжээ юм. Тус байгууллага нь 30 гаруй хэлээр мэдээ нийтлэл, радио нэвтрүүлэг бэлтгэж байна. (sputniknews.com)
Г.Доржханд