Тарвага агнахыг хориглох шийдвэрийг гурван жилээр сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-09-25 13:01:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар энэ сарын 22-ноос эхлэн гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглов.

Монгол Улсад 1990 онд 15 сая толгой тарвага тоологдож байсан бол 2001 онд таван сая болж буурсан юм. Тиймээс 2005, 2006, 2014 онд Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын тушаалаар тарвага агнуурыг 3 жилийн хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ авсанюм. Түүнчлэн 2010 оноос тарвага сэргээн нутагшуулах ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран идэвхтэй хийх болсон. Тухайлбал, энэ онд Төв, Хэнтий аймгийн нутагт 200 орчим тарвагыг сэргээн нутагшуулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн талаар салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр орон нутгийн удирдлагуудын зүгээс тарваганы тоо толгой өссөн талаар мэдээлэл ирүүлэх болсон ч цаашид нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд гарсан тарвага агнахыг хориглох тушаалыг гурван жилийн хугацаагаар сунгаж байгаа аж.

Ч.Ариунболд
Связанные новости