Зүрх судас, уушгины өвчлөлд цагаан тоос нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосыг багасгах, дарах зорилгоор Байгаль орчны сайдын 2006 оны тогтоолоор Орхон аймагт “Цагаан тоос” хөтөлбөр 2006-2015 он хүртэл хэрэгжиж байна.
Есөн жилийн турш хэрэгжиж буй уг хөтөлбөр энэ онд дуусах тул тус үйлдвэр хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдэд тайлагнах гэнэ. Цагаан тоосны дэгдэлт, тархалт ихтэй бүсэд Говил, Баянцагаан баг болон Жаргалант сумын нутаг дэвсгэр багтдаг юм. Өнгөрсөн жил цаг агаар хэт их халсан учир тоосны дэгдэлт нэмэгдсэн гэж хөтөлбөр хэрэгжүүлэгчид хэлж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосыг хөрсөөр дарах, усаар чийгшүүлэх,синтетик материалаар хучих зэрэг арга хэмжээ авдаг ажээ. Үүнээс өнгөрсөн өвөл 50-60 га, 2013 онд 56.5 га газрыг тоосжилтоос хамгаалж хучжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь цагаан тоос тархах магадлалтай бүс нутгийг голомт буюу Хаягдлын аж ахуй, тархалт их, бага, хэвийн гэж хуваадаг байна. Эл хэсэгт амьдарч буй иргэдээс төлөөлөл болгож 60 хүнийг сонгож жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байна. Тэдэнд зүрх судас, уушгиний өвчлөл өндөр байсан нь тогтоогджээ. Иймд цаашид хөтөлбөр хэрэгжүүлэхдээ юуг анхаарах талаар иргэдийн санал бодлыг нь сонсоно гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ