Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-10-03 13:39:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулга уулзалт өнөөдөр “Корпорейт” зочид буудалд эхэллээ. Энэхүү чуулга уулзалтыг БОАЖЯ, Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хөгжүүлэх олон улсын түншлэл /NDC Partnership/ байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм.
Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, олон улс, төрийн болон ТББ-уудын 250 гаруй төлөөлөл оролцож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг тэмцэхээр дэлхийн улс орнууд нэгдэн, Парисын хэлэлцээрээр тодорхой зорилт тавьж, 2015-2030 онд шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтын чухлыг Монгол Улсын Засгийн газар тууштай дэмжиж байна.
Уг асуудлын хүрээнд “Үндэсний хувь нэмэр”-ийг оруулахад бүх түвшинд хүчин чармайлтаа уядуулан нэгтгэхийг Засгийн газраас уриалж байгаа юм. Монгол Улсын хувьд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр үргэлжилнэ гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн юм. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд олон улсын түншүүдийн тусламж дэмжлэг, хамтын хүчин чармайлтаар үндэсний хэмжээнд, салбар дундын уялдаа холбоотой түншлэлийг бүрдүүлэх нь чухал юм.




БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн сард Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь 3 конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан. Энэ хүрээнд өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн зорилгод Монгол Улсаас оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтийн тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад би баяртай байна. Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орон юм. Зөвхөн өнөө жилийг аваад үзэхэд, хур бороо оройтож, ихэнх нутгаар хуурайшил ихтэй, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар ургац муутай байлаа. Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж, зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учирлаа. Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ. Иймд үндэсний түвшинд хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхиа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол Улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна. Уг зорилтыг бид Засгийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Гэхдээ энэ бүх ажлыг хийхийн тулд бидэнд олон улсын туслалцаа, дэмжлэг маш хэрэгтэй байгаа. Энэ утгаараа өнөөдрийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБХХ, Уур амьсгалын ногоон сан, Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага, Азийн хөгжлийн банк, ХБНГУ, Япон улсын Засгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээ болж байгаад их баяртай байна” хэмээн онцолсон юм.
Энэхүү чуулганаар
уур амьсгалын өөрчлөлтийн бодлого зохицуулалт, бүтцийн орчин, зохион байгуулалт, уялдаатай хэрэгжилтийн талаар санал солилцож байна. Чуулганаас уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөрүүдтэй танилцаж, санал солилцох бөгөөд чуулганы хоёр дахь өдөр Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бодлого стратеги, механизмын талаар үндсэн чиглэлийг тодорхойлох юм.



Чуулганы төгсгөлд чуулганы нэгдсэн дүгнэлтийг Уур амьсгалын асуудал хариуцсан Тусгай элч З.Батжаргал сонордуулна.

 

Д.Өлзий 

Связанные новости