Замын ослоос болж хоёр хүний амь эрсдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Замын цагдаагийн албаны ЖШУХ энэ сарын 9-ний байдлаар нийт 363 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэн авчээ. Замын хөдөлгөөний осол хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 27 хүн гэмтэж бэртжээ.Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, харин зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Увс аймгийн нутаг Наранбулаг сумын нутагт шороон замд БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар тодорхойгүй "Мустанг" маркийн мотоцикль унаж явсан 31 настай О онхолдож, амь нас нь хохирсон бол нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг “Буянт-Ухаа-1” хорооллын 701 дүгээр байрны замд "T.Pruis" маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 57 настай П-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна гэж ЖШУХ мэдээллээ.
Ж.Батсайхан