“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд гурван төрлийн 600 гаруй мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-10-14 16:01:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс  “Бүх нийтээр мод  тарих  үндэсний өдөр” -ийг 2010 оноос  эхлэн тэмдэглэн ирсэн.  Энэ жил “Хүн бүхэнд цэвэр агаар-Мод бүхэнд ус” гэсэн уриаг дэвшүүлжээ.

Хотын удирдлагууд өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд” мод тарилаа. Энэ үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 1000 гаруй мод услан шинээр улиас, чацаргана, агч   гэсэн  гурван  төрлийн 600 гаруй мод  тарьсан юм.

Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд  өнгөрсөн хавар  долоон төрлийн 2230 ширхэг  мод сөөг тарьжээ.

 Тус хүрээлэнд өнгөрсөн  8-9 дүгээр сард  мод тарилтын тооллого хийж, мод, сөөгнийхөө  ургалтын байдлыг тодорхойлсон байна. Энэхүү тооллогоор 2009-2017 оны есдүгээр сар хүртэл нийт 123.187 ширхэг,  26 төрлийн мод сөөг тарьснаас  ургалт 98 хувьтай  гарчээ. Улмаар   “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн талбайд түгээмэл тарьдаг навчит мод жилдээ 40-60 см, шилмүүст модны төрөл 20-40 см ургасан нь сайн үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан юм. 

Түүнчлэн нэрэмжит төгөл бий болгох санаачилгын хүрээнд Монголбанк, Канадын  Элчин сайдын яамны “Канадын  төгөл”,  JCI олон улсын  байгууллагын “JCI төгөл”, “Геологич  ойн төгөл”, “Элчин сайдуудын төгөл”, “Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит төгөл”, Монгол хурандаа нийгэмлэгийн “Монгол хурандаа төгөл”, “Жем интернэшнл төгөл”, “Хосын төгөл”, “Гэр бүлийн төгөл”-үүдийг бий болгон тохижилтын ажил хийснийг тодотгов.

 Б.Заяа
 Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости