Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа ажлын хэсгээс танилцуулсан болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Ажлын хэсгээс, “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Засаг даргын бүрэн эрхэд үл хамаарах асуудал болон хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, үндэслэлгүй зорилт, арга хэмжээг тусгахыг хориглоно”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүн нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтуудыг хуулийн төслөөс хасах санал оруулсныг гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Харин Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж батлуулах саналыг дэмжлээ. Хуулийн төслийг хамтарсан хуралдаанаар ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.