40 Шүүхийн тамгын газраас 17 нь "А" үнэлгээ авч шилдгээр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-15 16:36:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Шүүхийн тамгын газруудын 2017 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр ШЕЗ-ийн байранд боллоо. Тус арга хэмжээнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Монгол Улсын 40 шүүхийн тамгын газрын дарга нар оролцлоо. 
2017 оны ажлын үнэлгээгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар шалгарч 1 дүгээр байр, Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар удаах байрт шалгарч, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар 3 дугаар эзлэв. 
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй хүргэх чиг үүргээ манлайлан хэрэгжүүлсэн шилдэг тамгын газрын дарга нарт ШЕЗ-ийн дарга, гишүүд шагналыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ. 
 Энэ онд 40 шүүхийн тамгын газраас 17 шүүхийн тамгын газар "А" буюу "Маш сайн” үнэлгээ, 20 Шүүхийн тамгын газрын дарга "В" буюу "Сайн”, 3 шүүхийн тамгын газрын дарга "D” буюу "Дутагдалтай” үнэлгээ авсныг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр танилцуулав. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Энхбаатарыг "Сайн туршлагыг түгээгч”, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Чулуунжавыг "Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг манлайлагч”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбаатарыг "Шинийг санаачлагч”, Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаярыг "Хүний хөгжлийг дэмжигч”, Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Батсайханыг "Бүтээн байгуулагч” шүүхийн тамгын газрын даргаар тус тус өргөмжилснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга нар гардуулж, баяр хүргэлээ. Үүний дараа Төсвийн ерөнхийлөн захирагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж төсвийн шууд захирагч болох шүүхийн тамгын газрын дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
 
Ж.Батсайхан
Связанные новости