Ялаас чөлөөлөх өвчний жагсаалтыг шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-18 16:40:44

Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/4271 дүгээр албан бичгээр ялаас чөлөөлөх өвчний жагсаалт бүхий шинэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллах үүргийг аймаг, нийслэл, тээвэр дүүрэг, сум дундын прокуроруудад  хүргүүлжээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 313/316 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ыг Хууль зүйн сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/234, 415 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгов. Тиймээс  Эрүүл мэнд спортын сайдын  10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалаар “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байна.

Ж.Батсайхан

 

 

Связанные новости