“Миний гэр аюулгүй орчин” осол гэмтлээс сэргийлэх аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-01-30 09:32:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн “Миний гэр аюулгүй орчин” сэдэвт аяныг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж байна.

Нийслэл хотын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн 364151 захиргааны зөрчлийн 0,6 хувийг буюу 2028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил эзэлж, өмнөх оны мөн үеэс 1353 нэгжээр буюу 3 дахин өссөн дүнтэй байна. Ахуйн осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 2017 оны байдлаар нийслэлийн Түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын  15,8 хувь, хүүхдийн өвчлөлийн 33 орчим хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эмнэлэгт хандсан байна. 2017 онд хүүхдийн осол гэмтлийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар нэмэгдсэнээс түлэгдлийн 6051 тохиолдол бүртгэгдсэний 69.3 хувь нь хүүхдийн дунд бүртгэгдсэн байна.
Иймд эндэх ёсгүй эндэгдлийг буруулах, урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчид олон нийтийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

“Миний гэр аюулгүй орчин” сэдэвт аяныг явуулснаар дараах үр дүнд хүрэх зорилго тавьжээ. Үүнд:
  • Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх иргэдийн мэдлэг хандлага, хариуцлага сайжирна.
  • Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирна;
  • Ахуйн осол гэмтэл,  хүчирхийлэлд өртөгсдөд  үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн чадавх сайжирна;
  • Эцэг эх, асран хамгаалагч, өсвөр насны хүүхдүүд миний биеийн аюулгүйн дүрэм “Миний аюулгүй сүлжээ”-ний талаарх ойлголт мэдлэг хандлагатай болно.  
  • Сургууль цэцэрлэг сувиллын эмч нарын анхан шатны тусламж үзүүлэх чадварыг дээшлүүлэх зэрэг болно.
Н.Туяа
Связанные новости