Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-02 15:44:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгов. Тогтоолыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нар Баянзүрх дүүргийн иргэдэд гардуулав.

Энэ үеэр Хотын дарга С.Батболд, “Монгол төрийн их хүмүүн Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд бид Их жанжины мэндэлсэн газрыг түүний нэрэмжит болгож байгаа юм. Бидний өвөг дээдэс өнөөгийн Монгол Улсыг байгуулахын тулд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн. Харамсалтай нь 1990 оноос эхлэн сүүлийн 100 жилийн түүхийг гуйвуулах, Ардын хувьсгалын ач холбогдлыг бууруулах зэрэг үйлдэл гарч байгаа. Тиймээс бид түүхээ байнга сэргээн санаж байх учиртай” хэмээв. Мөн тэрбээр энэ оны хоёрдугаар улиралд багтаан Их жанжины төрсөн буйр орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаа амлав.

Тогтоол хүлээн авах ёслолд Их жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд оролцлоо. Их жанжины мэндэлсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж буйд Нийслэлийн удирдлагууд болон МАН-ын удирдлагуудад талархаж буйгаа төрөл төрөгсөд нь илэрхийлсэн юм.

Их жанжин Д.Сүхбаатарын зээнцэр Ц.Хүрэлсүх, “Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Их жанжин Д.Сүхбаатарын амьдрал бол Монголын тусгаар тогтнолын түүх юм. Түүний мэндэлсэн газар буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд өөрийн хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгохыг олон жил хүлээсэн. Өнөөдөр энэхүү хүслийг нь биелүүлж байгаад туйлын их талархаж байна. Монголын төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости