Энэтхэгийн “Фортис” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2018-02-20 19:30:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Энэтхэг улсын “Фортис” эмнэлэг  хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг албан ёсоор үзэглэв. Хамтын ажиллагааны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ хийх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, орчин үеийн эмчилгээ, оношлогооны мэдээлэл солилцох чиглэлээр ажиллах юм.  

Хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношлогооны чиглэлээр олон улсын сургалт, семинарт эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, удирдлагын болон  эмнэлзүйн тусламжийн багуудыг туршлага судлуулах,  эмчилгээ, оношлогооны тулгамдсан асуудал, туршилттай холбоотой онлайн зөвлөгөө мэдээлэл солилцох, эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын  чиглэлээр хамтран ажиллах,  өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ хийлгэхээр илгээх зэрэг ажлуудыг хамтран хийх юм.



Хамтын ажиллагааны санамж бичгийг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Энэтхэг улсын Шинон Колабрэйтив Консултанси  (Фортис Хэлткэйр компанийг төлөөлж)  компанийн захирал  Друв Шарма нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Мөн “Фортис” эмнэлгийн Монгол Улсыг хариуцсан Менежер Гаурав Такрал  болон компанийн төлөөлөл, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтний  төлөөлөл  байлцав. Талууд хамтын ажиллагаа эхэлсэнд баярлаж байгаагаа илэрхийлж,  үйл ажиллагааг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. 

Дашрамд дурдахад, Энэтхэг улсын “Фортис” эмнэлгийн элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах чиглэлээр тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах болон Дотрын мэс заслын тасгийн дарга, доктор Вивек Виж, Урологи, Бөөр шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч. Ражев Сод, Клиникийн Гематологийн буюу чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга, доктор Рахул Бхаргава зэрэг шилдэг эмч нараар ахлуулсан багийнхан энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо “Интермед” эмнэлэгт, 27-нд Улсын нэгдсэн Нэгдүгээр эмнэлэгт, 28-нд Хавдар судлалын үндэсний төвд тус тус үзлэг хийхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн тус эмнэлгийн албан ёсны төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдэн, монголчуудад үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа юм.  
 
Н.Туяа
Связанные новости