Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-12 11:31:20
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд гадаадын 43, дотоодын 97 нийт 110 аж ахуй нэгж, байгууллага /ААНБ/ уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 61 нь ашиглалтын чиглэлээр, 49 нь хайгуулын чиглэлээр ажиллаж байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хамтын ажиллагааг тодорхойлох зорилгоор дээрх ААНБ-ын удирдлагуудтай аймаг орон нутгийн удирдлагууд уулзаж, харилцан санал солилцон цаашдын хамтын ажиллагааны бодлого чиглэлээ тодорхойлсон юм.

“Сүхбаатар аймагт сүүлийн хоёр жил уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудын ажил эрчимжсэн. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, аймаг орон нутгийн эдийн засаг болоод иргэдийн амьдралд бодитой хувь нэмрээ үзүүлж буйг онцлон хэлэх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлын хүрээнд энэхүү уулзалтыг хийж, харилцан санал солилцож байна. Ирэх  сараас эдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зөрчил дутагдлыг арилгах, тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллана.” гэдгийг ажлын хэсгийн ахлагч, аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар хэллээ.

Уулзалтын үеэр холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийж, уул уурхайн салбарын нөхцөл байдал, хойшид анхаарах асуудлын талаар танилцуулсан.

Мэргэжлийн хяналтын газар /МХГ/-аас 2018 онд долоон удаагийн хяналт шинжилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад хийсэн байна. Хэдийгээр уг ажлыг тогтмол хугацаанд хийж, тодорхой заавар зөвлөгөөнүүпийг өгч байгаа боловч эдгээр байгууллагуудад гарч буй нийтлэг дутагдал өнөөг хүртэл байсаар байгааг анхаарууллаа. Жишээлбэл: Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гаргаж батлуулдаггүй, нөхөн сэргээлтийн ажлыг хангалтгүй хийдэг, ашиглаж буй химийн бодисуудын зарцуулалтын тайланг мэдээлддэггүй, гадаадад тээвэр хийж буй байгууллагын жолооч нар баталсан маршрутаар явахгүй олон салаа зам гаргах, туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран ажиллах гэрээ байгуулдаггүй, байгууллагын дотоод хяналт сул зэрэг нийтлэг зөрчлүүд байна. Тиймээс эдгээр асуудлууд дээр цаашид нэн түрүүнд анхаарах шаардлагатайг хэлж байлаа.  

2018 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд найман удаагийн үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэний зургаа нь уул уурхайн салбарт гарчээ. Ослын улмаас БНХАУ-ын нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн тахир дутуу болжээ. Ослын нөхцөл шалтгааны талаар аймгийн МХГ-ын дарга С.Сарантуяагаас тодруулахад “Үйлдвэрлэлийн осол гарч байна гэдэг нь тухайн байгууллагын дотоод хяналт сул байгаатай шууд холбоотой. ААНБ-ууд маань дотоод хяналтын журамтай боловч хяналтаар илэрсэн дутагдалд чиглэсэн арга хэмжээг авч ажиллахгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулинд тухайн ААНБ жилийн нийт орлогын 1,5 хувийг ХАБЭХ-н чиглэлийг хангахад зарцуулах ёстой. Харамсалтай нь энэ хууль хэрэгжиж чадахгүй байна. Тиймээс бид цаашид уул уурхайн салбарын удирдлагуудтай ямар чиглэлээр хамтарч ажиллах шаардлагатай вэ гэдэг талаар санал солилцож байна” гэв.
Т.Одончимэг
Связанные новости