Д.Шижирбаатар: Сүхбаатарын ахмадууд идэвх оролцоо, ур чадвар гээд олон талаараа улсдаа данслагдсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын баярын хүрээнд аймгийн Ахмадын
хорооны дарга,
Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Д.Шижирбаатартай ахмадын хорооны ажлын талаар цөөн хором ярилцлаа.
-Танд баярын мэнд хүргэе. Энэ жил
Сүхбаатарын ахмадууд баяраа хэрхэн тэмдэглэж байгаа талаар яриагаа эхлүүлье?
-Бид энэ жилийн ахмадын өдрийг “Ахмадын дуу хоолойг төр засагт” уриан дор нэгдэж, “Ахмадууд бие биеэ хайрлая” сайн үйлсийн аяныг өрнүүлэн тэмдэглэхийг аймгийн ахмадын хорооноос уриалж, ахмадууд та бүхний нийгмийн оролцоо, дуу хоолой, санал санаачилга, бүтээлч хөдөлмөр урьдын адил чухал хэвээр байгаа, тулгамдсан олон асуудал байгааг ч цохон тэмдэглэж аймаг, сум, баг, байгууллагын түвшинд дээрх уриалга, сайн үйлсийн аяныг өрнүүлэн тэмдэглэх ахмадын баярын бүхий л үйл ажиллагаанд амжилт хүсэж, сайхан баярлахын ерөөл дэвшүүлье. Өнөөдөр бид Жаахан шарга театртаа цуглаж энэ оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирэх оны ажлаа хэлэлцэж мөн амжилт гаргасан ахмадуудаа шагнаж урамшууллаа. Жаахан шарга театрын уран бүтээлчидтэй манай ахмадууд хамтарсан баярын хүндэтгэлийн тоглолтыг хийж үзэгчдийн халуун алга ташилт дор өндөрлүүллээ. Цаашид долоо хоногийн турш баярын үйл ажиллагаа үргэлжилнэ.
-Сүхбаатар аймаг нийт хэдэн ахмад
настантай вэ?
-Нийт 7500 гаруй ахмад бий. Үүний тавь орчим хувь нь Баруун-Урт сумандаа амьдарч байна. Бид ахмад настнуудаа тогтмол бүртгэж, харьяалалгүй ахмадуудаа ямар нэг албан байгууллагын харьяанд бүртгэлтэй байлгахад анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд одоогоор Сүхбаатар аймгийн хэмжээнд ямар нэг газар харьяалалгүй ахмад үгүй болсон.
-2025 оны онцлох ажил, ололт
амжилтаасаа хуваалцана уу?
-Аймгийн ахмадын хороо аймгийн засаг даргатай 2025 онд хамтран ажиллах гэрээ, Монголын ахмадын холбоотой гүйцэтгэх ажлын гэрээг оны эхэнд байгуулан, Ахмадын хорооны 2025 оны санхүүгийн дэмжлэгийг 147.9 сая төгрөгөөр батлан мөрдөж байна. Энэ хүрээнд “Уянгаар хөглөгдсөн Сүхбаатарын ахмадууд” урлагийн бага наадмын нумт харвааны “Их тойром-2025” улсын хэмжээний том тэмцээнийг орон нутагт анх удаа хийлээ. Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмад-2025” спортын олон төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Сумдын Ахмадын хороодын тухайд 2025 онд 13 сум 8.0-30 сая төгрөгийн санхүүжилт батлуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
-Их тойром тэмцээний талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Аймгийн Засаг даргын ивээл дор 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, харваачдын мандатын 10 сая, нийт 20 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэртэй нумт харвааны “Их тойром-2025” улсын хэмжээний тэмцээнд МШНХХ-ны дэд тэргүүн, улсын цолтой нийслэл, аймгуудаас 500-гаад харваач оролцсон 62 баг ирж, байгалийн үзэсгэлэнт сайхан, түүхэн дурсгалт газар болох Түмэнцогт сумын улсын тусгай хамгаалалттай онцгой бүс нутаг болох Түмэнцогтын Хар ямаат, Хан хөхий их хайрхнуудын энгэр бэлд отоглон буудаллаж, 4 өдрийн турш авьяас чадвар, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, гэр бүл, аялагч, дэмжигч ахмадууд нийлсэн 700 шахам ахмад оролцсон өргөн дэлгэр наадмыг зохион байгууллаа. Уг наадмын тэргүүн, дэд байрыг Сүхбаатарын баг тамирчид хүртэж бахдам сайхан амжилтуудыг үзүүллээ.
-Аймгийн Ахмадын хорооны
тэргүүлэгчдийн хурлаас 2025 оныг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан
шүү дээ. Дэмжих жилийн хэрэгжилт, үр дүн хэр байна?
-Эрүүл мэндийг дэмжих жилийн төлөвлөгөөг батлан, эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад бүрийн эрүүл мэндийг дэмжсэн таатай орчин бүрдүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэгт ахмадуудыг бүрэн хамруулах, ахмадын эрүүл мэндийн цогц үнэлгээг хийх, энэ үндсэн дээр цогц тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэ хүрээнд 7 хоног бүрийн баасан гарагт 9.30-17.00 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар ахмадуудад мэдээлэл өгч, үзлэг хийж, ганцаарчилсан зөвлөгөө өгч, шаардлагатай ахмадаа хяналтдаа авч эмчилгээ хийж ажиллах болсноор эхний 8 сард давхардсан тоогоор 755 ахмадыг үзлэгт оруулсан байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг ахмадын тусгайлсан эмч томилгоожуулан ажиллаж хэвшсэн зэрэг үр дүнгүүд гарч байна.
-Ирэх оны ажлаа хэрхэн
харж, төлөвлөж байгаа вэ?
-Цаашид шинээр төрөл бүрийн төрөлжсөн сургалтууд, цогц болон хувилбарт үйлчилгээнд шинээр хамрагдаж үйлчилгээ авсан ахмадаа нэмж бүртгэн, ахмад нэг бүрд хүрч ажиллах том зорилтыг тавиад ажиллаж байна. Ахмадын хороо, зөвлөлүүд маань харилцан сайн туршлагаа солилцож, аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж, хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээ төрийн албадтайгаа харилцан солилцож, байнгын хяналт тавьж ажиллахыг уриалж байна. Хэрэгжүүлэх гол ажлын чиглэлийн тухайд:
1. “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хаалтын үйл ажиллагаа болгож, Нэгдсэн 3-р эмнэлгийн зүрх судасны эмч нарын багийг аймагтаа урьж үзлэг хийлгэх
2. “Уянгаар хөглөгдсөн Сүхбаатарын ахмадууд” урлагийн бага наадмын хаалт болгож, аймгийн ХЖТ-тай хамтран урлагийн шилдэг ахмадуудын концертыг бэлтгэн олон нийтэд хүргэх
3. Аймгийн Засаг даргын ивээл дор “Ахмад-2025” спортын 7 төрөлт тэмцээнийг 2 үе шаттай, 9.0 сая төгрөгийн санхүүжилттэй зохион байгуулах.
4. Ахмадын баярыг угтсан, тэмдэглэн өнгөрүүлэх “20 хоногийн аян”-ыг өрнүүлэн баяраа тэмдэглэх.
5. Магадлан итгэмжлэл авсан Ахмадын хорооны 2 тендерээ амжилттай хэрэгжүүлж, 20 гаруй ахмадыг түр ажлын байраар, зорилтот бүлгийн 33 залууд санхүүгийн дэмжлэг үзүүлж, байнгын орлоготой болгож, санхүүжилтээ бүрэн авах.
6. Хөрш аймгууд болон БНХАУ-ын Шилийн гол аймгийн холбогдох байгууллагатай ажил хэргийн холбоо тогтоож, хөрөнгө оруулалтыг татах зэргээр тодорхойлсон.
-Ярилцлагын төгсгөлд та ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлнэ үү? -Улс, аймаг орон нутгийнхаа хөгжилд залуу нас, мэдлэг чадвараа харамгүй зориулсан ахмадууддаа дахин баярын мэнд хүргэж эрүүл энхийг хүсье. Сүхбаатарын ахмадууд идэвх оролцоо, ур чадвар гээд олон талаараа улсдаа данслагдсан хүмүүс. Ийм ахмадуудынхаа зөвлөмж, дэмжлэг, нийгмийн оролцоотойгоор та бид хамтдаа илүү тав тухтай, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.