Органик хүнсний шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-21 17:46:22
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн хэлэлцүүлэг ХХААХҮЯ-нд боллоо.

ХХААХҮЯ, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгт хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, ТББ-ынхан, эрдэмтэн судлаачид оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчид дээрх журмын төслийн заалт тус бүрт оролцогчдын саналыг авч, төсөлд тусгаж байгаагаараа онцлогтой гэв.

Хүнсний тухай, Органик хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам чухал ач холбогдолтой юм. Уг журам батлагдсанаар органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа нь бодит байдалд нийцсэн, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хүнд суртлаас ангид болно гэж үзэж байгаа аж. Мөн "Органик”, “Байгалийн гаралтай”, “Байгалийн гаралтай цэвэр” гэсэн монгол, гадаад хэл дээрх лого бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнийг бүртгэлд хамруулж, хуурамч хаяг шошготой, органик хүнсний  шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татах нөхцөл бүрдэх аж.

Түүнчлэн хэрэглэгчид зах зээлээс органик бүтээгдэхүүнийг сонгохдоо шошго дахь бүртгэлийн дугаар, QR кодоор дамжуулж, хаана, хэзээ, ямар аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, ямар шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг таньж, сонголтоо хийхэд илүү хялбар болох юм байна.

ХХААХҮЯ-ны Органик хүнсний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг: “Одоогоор органик хүнс үйлдвэрлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн бүхий л журам батлагдаад байна. Тиймээс 2018 онд Органик хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам батлагдсанаар хууль, журмын хүрээнд органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрэн бүрдэх юм. Үүнээс гадна энэ онд Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас органик хүнсний баталгаажуулалт, бүртгэлийн сан үүсгэж, organicmongol.org цахим хуудсыг нээн, Органик хүнс үйлдвэрлэгчдийн үндэсний III чуулган, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээв.

О.Мөнхжаргал
Связанные новости