Монгол Улс анх удаа онцлогоо тодорхойлсон олон улсын стандартыг шинээр боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-03-22 12:46:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон БНХАУ-ын Стандартын байгууллагын хооронд стандартчиллын чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг шинэчилжээ. 

Хоёр улсын стандартын байгууллагууд он удаан жилийн хамтын ажиллагаатай бөгөөд талуудын хамтран ажиллах санамж бичиг 2015 оны 11 сард дахин шинэчлэгдсэн байдаг. Тус санамж бичгийнхээ хүрээнд өнгөрөгч оны 10 дугаар сард БНХАУ-ын Стандартчиллын байгууллага /SAC/-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн захирал Шү Чан Шин тэргүүтэй албан хаагчид Стандарт, хэмжил зүйн газар дээр ажлын айлчлал хийн тодорхой чиглэлүүд дээр хамтран ажиллахаар тохирсон.

Ингээд энэ сарын 12-17 өдрүүдэд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул, СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал, ИГ-ийн дарга С.Ганцэцэг нар БНХАУ-ын Стандартчиллын байгууллага (SAC) дээр ажлын айлчлал хийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргажээ.

Төлөвлөгөөнд дараах чиглэлээр ажиллахаар тусгаад байна. Тухайлбал, БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран ноос ноолуур, арьс шир, уул уурхайн стандартчиллын үйл ажиллагаанд хамтран оролцож Олон Улсын стандартыг шинээр боловсруулахаар тогтсон. Тодруулбал, БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран Монгол Улс анх удаа өөрсдийн бараа бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон олон улсын стандартыг шинээр боловсруулах юм. Ингэснээр бизнес эрхлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ өөрийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг стандартын баримт бичигт тусгах замаар худалдаа эрхлэх боломжийг нээж өгөх юм. Түүнчлэн мэдээллийн нэгдсэн сүлжээнд Стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн техникийн шинэчлэл хийх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх төслийг судлахаар тогтов.

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Стандартчиллын байгууллага (SAC)-ын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ирэх дөрөвдүгээр сард болох Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын албан айлчлалын үеэр баталгаажуулж гарын үсэг зурагдахаар бэлтгэл ажил хангагдаад байгаа аж.
Н.Туяа
Связанные новости