“Дэлхийн усны өдрийн хүрээнд “Ногоон тууз” эко цом аялуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-03-22 15:09:37
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Дэлхийн усны өдөр”, “Эх дэлхийн цаг” тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллага, их дээд сургуулийн оюутан залуусыг уриалан Туул голоо цэвэрлэх бүх нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж, албан байгууллагуудад “Ногоон тууз” эко цом аялуулахаар боллоо.

Уг үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар Монголын Залуучуудын Холбоо, МҮОНР, Туул голын сав газрын захиргаа хамтран зохион байгуулж байна.

Тус аян нь Туул голын сав газрын бүс орчмыг цэвэрлэх, усны нөөц, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүний буруутай үйлдлээс шалтгаалан бий болсон хог хаягдлыг багасгахад олон нийтийг уриалах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.

Аяны гараа гуравдугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагаас Монголын Залуучуудын Холбооны өмнөх талбайгаас эхлэх юм байна. Аянд оролцогч байгууллага цэвэрлэгээ эхлэхээс өмнөх байдал буюу цэвэрлэсний дараах Туул гол орчмын бодит өөрчлөлтийг гэрэл зургаар баримтжуулан өөрийн байгууллагын пэйж хуудсанд байршуулахын зэрэгцээ дараагийн байгууллагад эко цомыг шилжүүлэн гол усаа хамгаалах, эх дэлхийдээ ээлтэй эерэг алхмуудад суралцахыг уриалж аянд нэгдэх хүсэлт илгээх юм байна.

Тус аянд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх клубууд, Их дээд сургуулийн оюутан залуус, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох ажээ.

О.Мөнхжаргал
Связанные новости