Архидан согтуурсанаас үйлдсэн гэмт хэргийг бууруулах нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-03-23 17:11:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас архидан согтуурсанаас үйлдсэн гэмт хэргийг бууруулах, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 1-нээс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, 4012 буюу 12,4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86497 хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0,31 хувь нь насанд хүрээгүй хүн байгаа юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс авсан судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсныг өмнөх онтой харьцуулахад 15,5 хувиар өссөн байна. 

Цагдаагийн байгууллагын зүгээс Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулан архинд донтох өвчтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулаад байгаа аж. Түүнчлэн архидан согтуурсанаас үйлдсэн гэмт хэргийг бууруулах, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж шат дараатай арга хэмжээ авч эхэлжээ. Энэхүү аян нь нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулах, ялангуяа, өсвөр үе, залуучуудыг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах нь ирээдүйн эрүүл Монголыг бий болгох зорилготой юм.

Архидан согтуурахтай төрийн болон төрийн бус байгууллага тэмцэх нь төдийлөн үр дүнтэй биш бөгөөд иргэдийн өөрсдийн зөв дадал хэвшил, идэвхи, санаачлага зайлшгүй шаардлагатай байдаг тул дэмжиж ажиллахыг нийт иргэдэд сануулж байна.
Н.Туяа
Связанные новости