Иргэдийн саналд тулгуурлан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-27 11:55:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2018 оны бүтээн байгуулалттай холбогдуулан автомашины улсын дугаарын хязгаарлалтад ирэх сарын 15-наас аравдугаар сарын 01 хүртэл түр хугацаанд өөрчлөлт оруулах талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон холбогдох албаныхан мэдээлэл хийв.

Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд хэд хэдэн автозамыг хэсэгчлэн хаана. Үүнээс болж нийслэлийн автозамын ачаалал нэмэгдэх магадлалтай. Тиймээс нийслэлийн холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах хоёр санал боловсруулжээ. Нэгдүгээрт, дугаарын хязгаарлалтыг зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх. Ингэхдээ даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах бөгөөд бусад бүсэд хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаарт, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүсэд даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5,7, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан байна. Энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудсуудаар дамжуулан аль саналыг нь хэрэгжүүлэх талаар иргэдийн саналыг авах болжээ. Санал асуулгыг маргааш буюу энэ сарын 27-ноос ирэх сарын 15 хүртэл явуулна. Дугаарын хязгаарлалттай холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд үйлчлэх автобусны тоог нэмэх болон түүнд шаардагдах зардлын судалгааг гаргаж байгаа юм.

Хэвлэлийн хурлын үер Нийслэлийн автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхэлнэ. Энэ ажил 1.6 жил үргэлжилэх юм. Үүнтэй холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор найман жижиг замыг шинээр барих, өргөтгөх бөгөөд үүнд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тухайлбал, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.4 км автозам барихад 393 сая төгрөг, Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох 0.3 км автозам барихад 198.2 сая төгрөг шаардлагатай юм. Мөн Хүннүгийн гудамж-Саруул хотхон-Соёлж чиглэлд 0.3 км автозамыг хашлагажуулах, Автозамчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох 0.14 км гүүр барихаар төлөвлөсөн. Уг гүүрэн гарцыг барьснаар Замын цагдаагийн албаны уулзварын хөдөлгөөний ачаалал болон осол аваарын тоо буурна хэмээн үзэж байна” гэлээ.

Цаашдаа Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгох төсөл боловсруулж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү дурьдав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости