Нийтийн тээврийн салбарын орлого 68.4 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нэмэгдээд байна.
Тодруулбал,
өнгөрсөн оны долоодугаар сарын 31-ний байдлаар нийтийн тээврээр
зорчигчдын тоо 81.9 сая, нийт
орлого 18.1 тэрбум төгрөг байсан бол
энэ оны мөн үед зорчигчдын
тоо 91.2 сая, орлого 30.3 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Ийнхүү нийтийн тээврээр зорчих хүний тоо 9.2 саяар буюу 11.3, орлого 12.4
тэрбум төгрөг буюу 68.4 хувиар нэмэгдсэн
нь салбарын парк шинэчлэлтэй
холбоотойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлсэн
байна.
Улаанбаатар хотоос нийтийн тээврийн салбарт 600 автобусыг
шинээр оруулж ирж, жолоочийн
цалинг 1000 ам.долларт хүргээд байгаа.
Автобусанд ухаалаг дэлгэц, үнэгүй интернэт суурилуулж, зорчигчдод мэдээ мэдээллийг түгээхээс гадна төлбөрийн олон төрлийн систем нэвтрүүлж, иргэд банкны
картаараа ч үйлчлүүлэх болсон. Нийслэлийн
100 цэгт автобусны
карт борлуулах, цэнэглэгч
киоск төхөөрөмж байршуулаад байгаа. Салбарт
хууль, эрх зүйн шинэчлэл
хийж, өнгөрсөн хавар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79
хувийн хувьцаа эзэмшигч болж, хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг
хянах боломж бүрдүүлжээ.
Түүнчлэн нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг тусгаснаар 2024 онд 31 угсраа автобус, энэ онд том оврын 10 автобусыг импортолж үйлчилгээнд явуулж байгаа.