Цаг хэмнэж цахим картаар машины татвараа төлөөрэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Таны автомашины улсын дугаар 3, 8-аар төгссөн бол энэ сардаа багтан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа энэ 7 хоногт дуусч буй тул та үүргээ биелүүлэхийг хичээгээрэй. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлөх боломжтой.
Энэ оны эхний улиралд 4437 иргэн цаг заваа хэмнэж, SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан татвар хураамжаа төлжээ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах, эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулахыг мэрэжилтнүүд зөвлөж байна.
Ж.Батсайхан