Өмнөговь аймгийн нийгмийн үзүүлэлтийн статистик мэдээллийг цуглуулж судалгаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-04-12 18:23:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуучуудын хөгжилд  дэмжлэг үзүүлж, тус аймгийн нийгмийн үзүүлэлтийн статистик мэдээ, мэдээллийг цуглуулж судалгаа хийх хамтарсан гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Эдгээр байгууллагууд өнгөрсөн гурван жилд Ханбогд суманд залуучуудын хөгжлийн төв, өсвөр үе, залуучуудад ээлтэй клиник, үе тэнгийн сургагч нарын сүлжээг байгуулж, залуучууд бие даан бизнес эрхлэх явдлыг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, залуу малчид, алслагдсан эмзэг бүлгийн залуучуудыг дэмжиж ирсэн юм.

НҮБ-ын Хүн амын сан энэхүү түншлэлийн хүрээнд үндэсний түвшинд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай анхны хуулийг батлуулахын төлөө амжилттай ухуулга нөлөөлөл хийж, уг хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар залуучуудын хөгжлийн төвүүдийн хүний нөөц, зардлыг нь хариуцахаар болсон юм.
Ханбогд сумын залуучуудын хөгжлийг дэмжих энэхүү хамтын ажиллагааны хоёр дахь шатанд“Оюу толгой” компани НҮБ-ын Хүн амын санд 230 мянган ам.долларын санхүүжилт олгож, НҮБ-ын Хүн амын сан өөрийн нөөцөөс 231 мянган ам.доллар нэмж хуваарилахаар тохиролцов.

Түншлэлийн хоёр дахь шатлалын хүрээнд тус хоёр байгууллага томоохон уул уурхай орон нутаг, иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохын тулд Өмнөговь аймагт нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны судалгааг 300 мянган ам.доллараар хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.Ингэхдээ гурван дэд судалгаа хийх бөгөөд үүний нэг нь улс орон даяар явуулдаг нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа юм.Засгийн газар тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах үндэсний хүрээг боловсруулж буй энэ үед найдвартай тоон мэдээ, мэдээллийг цаг алдалгүй тогтмол цуглуулахад хөрөнгө оруулж, стратеги төлөвлөгөө гаргах шаардлагатай байна. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь энэхүү үйл явцыг ялангуяа Өмнөговь аймгийн түвшинд дэмжиж байна. “Оюу толгой” компани, НҮБ-ын Хүн амын сангийн энэхүү түншлэлийн хүрээнд хувийн хэвшил болон хөгжлийн салбарт ажилладаг тус хоёр байгууллага хамтран ажиллаж байна. Ийм шинэлэг хамтын ажиллагаа нь НҮБ-ын агентлагийн хувьд анхных юм.

“Oюу толгой” компаниас санхүүжүүлдэг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” саяхан НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газар, Австралийн Засгийн газартай хамтарсан “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг дэмжихээр болсон билээ. Энэ хөтөлбөр нь таван сая гаруй ам.долларын өртөгтэй бөгөөд үүний 1.7 сая ам.долларыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” санхүүжүүлнэ. Энэ оны дөрөвдүгээр сарын эцсээс энэхүү нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. 
Связанные новости