Хүнсийг баяжуулах замаар бүх нийтийн эрүүл мэндийг тэтгэх нь зүйтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-17 13:40:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгууллаа. 

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ундраа нарын гурван гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан юм.  Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдаж, хүнсний зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан талаар Л.Элдэв-Очир гишүүн дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн А.Сүхбат иргэдийн эрүүл мэндтэй хамааралтай учраас хүнсний асуудалд нухацтай хандах нь зүйтэй гээд баяжуулсан хүнсийг нарийвчлан шинжлэх боломжтой олон улсад итгэмжлэгдсэн лаборатори манай улсад бий эсэхийг тодруулсан юм. 2000-2007 онд Монгол Улсад гурил баяжуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хугацаанд зөвхөн хүнсний баяжуулагч бэлдмэлийг илрүүлэн таних хэмжээнд шинжилгээ хийж байсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг мэдээлэл өгөв. Одоо бол МХЕГ-ын лаборатори,  ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лабораториуд, ЭМШУИС-ийн дэргэдэх лабораториуд орчин үеийн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн байгаагаас ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лаборатори олон улсын магадлан итгэмжлэл авсан гэв.

Хүнс баяжуулалтын талаарх олон улсын туршлагын талаар лавласан Х.Болорчулуун гишүүний асуултад "Улс орнууд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах бодлого баримталдаг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад албан журмаар давсыг, 85 улс оронд гурилыг, 14 улс тос, будааг баяжуулах зохицуулалттай байдаг аж. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах нь иргэдэд нэмэлт амин дэмийн бэлдмэлийг хүргэхээс хэд дахин өртөг багатай болохыг холбогдох судалгаа, мэдээллээс авч болно. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг судалж, үнэлгээ өгөх зорилгоор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2016-2017 онд 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хороонд хийсэн судалгаагаар иргэдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн судалгааны үр дүнд тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тусгасан байгаа” хэмээн УИХ-ын гишүүн Л.Элбэв-Очир тайлбарлалаа.



Д амин дэмийн дутагдал монголчуудын эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлын нэг гэсэн сүүлийн үед ярьж буй мэдээлэл нь бодит эсэхийг тодруулсан Ж.Энхбаяр гишүүний асуултад Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба 1992 оноос эхэлж дээрх төрлийн судалгааг хийж эхэлсэн бөгөөд тухайн үед зөвхөн эмнэлзүйн шинжээр тодорхойлж байсныг холбогдох албаны мэргэжилтэн тайлбарлалаа. 2010 оноос цусан дахь Д амин дэмийг тодорхойлж эхэлсэн бөгөөд үе үеийн дүн мэдээнээс бүх насны иргэд энэ төрлийн амин дэмийн дутагдалтай байсныг харж болох аж. Хүнсийг баяжуулах замаар бүх нийтийн эрүүл мэндийг тэтгэх асуудал физилогийн, химийн, биохимийн түвшний чухал ойлголт гэдгийг холбогдох мэргэжилтнүүд тайлбарласан юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгуулсан юм. 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости