Г.Адъяа:Үйлдвэрлэлийн ослыг бууруулах бус тэглэх талаар ярих цаг болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-18 13:29:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” дэлхийн хөдөлгөөнд нэгдэхийг МҮЭХ-ноос уриалав.

Энэ талаар өнөөдөр тус холбооны Ерөнхий нарийн бичийн дарга Г.Адъяа мэдээлэл хийлээ.

Монгол Улсад сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослын улмаас 37 хүн амиа алдаж, 120 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алджээ. Тиймээс Монгол Улс үйлдвэрлэлийн ослыг бууруулах бус тэглэх талаар ярих цаг болсон хэмээн Г.Адъяа мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Үйлдвэрлэлийн ослын тоог тэглэх, мэргэжилтэй боловсон хүчнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор 2007 онд Швед Улс “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнийг анх эхлүүлсэн. Улмаар энэхүү хөдөлгөөнийг Олон улсын нийгмийн хамгааллын ассоциаци дэлхийн хэмжээнд өрнүүлж байгаа юм. Одоогоор энэхүү хөдөлгөөнийг ОХУ, БНХАУ болон Скандиновын орнуудын Засгийн газар, аж ахуйн нэгжүүд амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ хөдөлгөөнд нэгдэхэд ямар нэгэн шаардлага тавьдаггүйгээс гадна татвар авахгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас “Эрдэнэт үйлдвэр” компани нэгдсэн. Мөн саяхан болсон “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо 2018” чуулганы үеэр “Оюутолгой” компани, “Мэргэшсэн ХАБ-ын ажилтнуудын холбоо” зэрэг томоохон байгууллагууд энэ хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн” гэлээ.

МҮЭХ-ноос энэ сарын 27-нд “Ослыг тэглэх алсын хараа” дэлхийн хөдөлгөөнд нэгдэх талаар төр, хувийн хэвшил, ХАБЭА-чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын 1000 төлөөллийг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулах аж. “Ослыг тэглэх алсын хараа” дэлхийн хөдөлгөөнд нэгдсэн улс орон, аж ахуйн нэгжүүд Манлайлагч байх, Асуудлыг илрүүлэх, Эрсдлийн удирдлага, Зорилгоо тодорхойлох, Төлөвлөгөө боловсруулах гэсэн дүрмийг баримтлан үйлдвэрлэлийн ослын гаралтыг бүрэн зогсоох чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зурийг Т.Чимгээ
Связанные новости