Хятадын Хүбэй мужийн 1000 жилийн түүхтэй Ян Лөү Дүн тосгоны цайны соёлтой танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.garmaa@montsame.gov.mn
2025-06-16 17:29:06

Ухань, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хятад Улс цай, торго, шаазан гурвыг цайны замаар Хүбэй мужийн Ухань хотоос эхлэн Монгол, Орос улсаар дамжуулан Европ руу гаргадаг байсан түүхтэй. Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг цайны өлгий нутаг болох Чибэй хотын Ян Лөү Дүн тосгонд зочлон цайны түүх, соёлтой танилцлаа.


Чибэй хотын захиргаанаас энэхүү гудамжинд хоёр давхар цайны музейг нээж, цайны соёлын үүх түүх, эдлэл хэрэгсэл, бичиг данс, хэв загвар, шахмал цайг олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна. Тэдгээрээс уг музейд 200 жилийн өмнөх шахмал цай хүртэл хадгалж байгааг онцолж байлаа.



Ян Лөү Дүн тосгон 1000 жилийн түүхтэй бөгөөд цайны худалдаа эрхлээд 400 гаруй жил болжээ. Ингэхдээ 1250 метрийн урттай энэхүү цайны гудамжийг төр засгийн бодлогоор 2012 онд сэргээн засварлаж, хятадын эртний өв соёлд бүртгэж, түүх, соёлын дурсгалт газар төдийгүй аялал жуулчлалын бүс болгосон байна.


Энэхүү цайны гудамжинд нэг дугуйт тэргэнд ачиж, зөөж, тээвэрлэж явахдаа чулуун замыг хотойлгож мөрийг гаргасан байна. Мөн цайг эмчилгээний зориулалтаар ашигладаг домчийн өргөөг тэр үеийн байдлаар нь хадгалсан нь цайны соёлтой танилцахаар очиж буй аялагчдад сонирхолтой байв.





Тан гүрний үед цайг навчит хэлбэрээр нь хүнсэнд шууд хэрэглэдэг байсан бол үүний дараагаар хатаах болон вааранд боловсруулах хэлбэрээр хандалж хэрэглэж ирснээр цай уух соёл эхэлсэн байна. Хятадын газар нутагт төр улсаа байгуулж байсан хаадууд өөр өөрийн онцлогтой цайг таашаан хүртдэг байсан бөгөөд Мин улсын хаан ногоон цайнд дурлан хэрэглэдэг болсноор ногоон цай нь нийт Хятад Улс даяарх гол хэрэглээ болжээ.


Мөн Чин гүрний үеэс монголчуудын хамгийн өргөн хэрэглэж ирсэн, арилжааны хэрэгсэл болж байсан хунз цайг энэ нутагт тарьж, боловсруулан цайны зам дагуу тээвэрлэн Монгол оронд хүргэдэг байсан гэдэг.


Түүнчлэн Сүн гүрний үед буюу 1006 онд Монгол нутаг руу цай хүргэдэг байсан тухай музейн тэмдэглэлд үлджээ. Мөн энэ нутагт 1863 онд Орос, Англи Улс цайны үйлдвэрээ нээсэн байна. Анх цайг гар аргаар үйлдвэрлэж эхлэхэд 40 мянган хүн ажиллаж байсан бол 1873 оноос үйлдвэрийн аргаар хийж эхэлжээ.


Ташрамд дурдахад, 2019 онд гарсан дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед Ухань хотын ард түмэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсний хариу болгож, Ухань хотын ард түмнээс зөвхөн монголчуудад зориулан Хөх тэнгэрийн монгол орныг бэлгэдсэн тусгай амт чанарын найрлага бүхий дээд зэрэглэлийн “Хөх цай”-г энд үйлдвэрлэж, Монгол түмэнд бэлэглэсэн байна.
















Связанные новости